Олон улсын театрын баярын өдөр. Театрт очих дуртай хүн бүхэнд баярын мэнд хүргэе.

2019 оны 03 сарын 27

Өнөөдөр Олон улсын театрын өдөр тохиож байна. Хүн төрөлхтөн соёл иргэншилтэй болсон цагаас эхлэн урлаг ч мөн үүссэн гэж үздэг. Дэлхий дээр анхдагч цөөн тооны сонгодог урлаг бий. Эртний Грек, Ромд анх үүссэн театрын урлаг өдгөө олон зуун жилийг өртөөлөн туулж өнөөдөр ч эрч хүчээ алдаагүй олон улсад илүү шинэ түвшинд, илүү өвөрмөцөөр амьдарсаар байна.

1962 онд гуравдугаар сарын 27-ны өдрийг дэлхийн “Театрын өдөр” хэмээн тунхагласнаас хойш  энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрт театрын уран бүтээлчид, театрын үнэнч үзэгчид ёслон тэмдэглэж иржээ. 

"Театр бол ариун сүм" гэж ярьдагчлан, энэ өдөр дэлхийн урлагийн сүм бүхэн тоглолтоороо бэлэг барьдаг. 

Театрын тайзан дээр амилдаг хүчирхэг дүрүүдийг бүтээсэн жүжигчид, найруулагч, жүжгийн зохиолч, театрын үйл ажиллагаанд олон талаар хувь нэмрээ оруулсаар ирсэн театрын хүчин зүтгэлтнүүдийн баярын өдөр тохиож байна. Театрт очих дуртай хүн бүхэнд баярын мэнд хүргэе.