Марафонд оролцох нь "СОЁЛ" юм

18 цагийн өмнө

Марафонд оролцох нь "СОЁЛ" юм

Олон улсын марафон гүйлтэд оролцох соёл нь тухайн хувь хүний хариуцлага, бусдыг хүндэтгэх хандлагыг илэрхийлдэг чухал зүйл юм.

Олон улсын марафонд оролцоно гэдэг нь зөвхөн гүйж өрсөлдөхөөс гадна тухайн тэмцээнийг зохион байгуулж буй улс орон, хамтран оролцогч тамирчдыг хүндэтгэж буй илэрхийлэл билээ. Иймд оролцогч бүр дараах соёлыг баримтлах нь зүйтэй.

1. Бэлтгэл, хариуцлага
Марафонд оролцохоор шийдсэн бол өөрийн бие бялдрын бэлтгэлийг сайтар хангаж, гүйлтийн замаа бүрэн дуусгах чадвартай байх нь чухал. Энэ нь хувь хүний хариуцлага төдийгүй марафоны соёлын нэг хэсэг юм.

2. Зохион байгуулалтын дүрэм журам мөрдөх
Тэмцээний бүртгэл, дугаар авах, гарааны цаг, байрлал зэрэг бүх зааврыг чанд мөрдөх хэрэгтэй. Өөрийн оноогдсон гарааны бүс (zone)-д зогсож, бусдад саад болохгүй, нийт оролцогчдод хүндэтгэлтэй хандах нь чухал.

3. Гүйлтийн үеийн соёл
Гараанаас гарснаас хойш өөрийн хурдаа зөв тохируулж, бусад гүйгчдэд саад болохгүйгээр гүйх хэрэгтэй. Ус, ундаа уусны дараах сав, хог хаягдлыг зөвшөөрөгдсөн цэгт хаяж, зам дээр замбараагүй хаяхгүй байх нь чухал.

4. Бусдыг хүндэтгэх хандлага
Илүү хурдтай гүйгчдэд зам тавьж өгөх, бусдын хэмнэлийг алдагдуулахгүй байх нь марафоны чухал соёл юм.

5. Барианд орсны дараах зохион байгуулалт
Гүйлтээ дуусгасны дараа зохион байгуулагчдын зааврын дагуу хөдөлж, финишийн медаль болон бусад урамшууллаа авч, замыг чөлөөлж дараагийн гүйгчдэд саад болохгүй байх хэрэгтэй.

Эдгээр соёлыг эрхэмлэн, хариуцлагатай оролцсоноор бид марафон гүйлтийн жинхэнэ утга учрыг илэрхийлж, хамтдаа соёлтой, үлгэр жишээ оролцогчид байж чадна. Та бүхнийг Улаанбаатар марафондоо идэвхтэй, соёлтой оролцохыг уриалж байна.
#UlaanbaatarMarathon
Хамтран зохион байгуулагч
#НийслэлийнСоёлынТөвӨргөө