Эртний сайхан чуулгыг Ардын язгуур урлагийг судлах, сурталчлах зорилгоор Соёлын гавъяат зүтгэлтэн Жамцын Бадраагийн санаачлагаар 1989 онд байгуулсан бөгөөд НИТХТ-ийн 2013 оны 153 дугаар тогтоолоор Соёлын Төв Өргөөний харьяалалд ирж, алтан үеийн сор болсон уран бүтээлчдийн урын санг амилуулж, хойч үедээ өвлүүлж, хөгжүүлж, өнөөг хүртэл үзэгч түмэндээ толилуулсаар байна.
Ард олны дунд “Бөмбөгөр ногоон” хэмээх Төв театрт ажиллаж байсан Г.Гомбосүрэн, Лха.Долгор, С.Цэвэлмаа, П.Буян, С.Мядагбадам, Ц.Дашдулам, С.Базаррагчаа, Г.Дулмаа, Э.Оюун гээд их урлагийн цуутай ахмадууд анхны нь бүрэлдэхүүнд байсан бөгөөд уламжлаад Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Д.Лувсаншарав, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, УГЖ Л.Идэрбат, УГЖ Д.Түвшинжаргал гээд олон ахмадууд нэмэгдэн нэгдсэн юм. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Л.Цогзолмаа нь “Эртний сайхан” чуулгаа олон жил удирдан ажиллаж, “Чингэсийн дуулал”, “Бөмбөгөр ногооныхон”, “Домогт дууны концерт”, “Эх орноо магтан дуулъя” зэрэг олон тоглолтууд, ахмад уран бүтээлчдийнхээ тайлан тоглолтуудыг зохион байгуулан ажиллаж байлаа.