Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд "Морин хуур-2018" наадам амжилттай болж Гран при шагналыг залуу хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц хүртлээ
"Морин хуур-2018" наадам Гран при шагналыг залуу хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц хүртлээ
Монголын хөгжмийн ертөнцийн их наадам "Морин хуур-2018" 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Соёлын төв өргөөнд боллоо. 32 дахь жилдээ болсон "Морин хуур" наадам мэргэжлийн, нийтийн, эстрадын гэсэн гурван төрлөөр, гурван үе шаттай болсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болсоор 10 дахь жилтэйгээ золгож буй энэхүү наадамд 90 гаруй дуу "уралджээ". Наадмын Мэргэжлийн дууны төрөлд тэргүүн байрт Ц.Пүрэвхүүгийн ая, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн шүлэг "Тусгаар тогтнол" дуу шалгарлаа. Хөгжмийн зохиолч Д.Түвшинсайханы ая, яруу найрагч Х.Соёмбын үг "Наран мэлмийт эх орон" дуу дэд байрыг эзлэв. Х.Мөнхбаярын ая, яруу найрагч Ц.Төртайваны үг "Халхын таван уул" гуравдугаар байрын шагнал авлаа. МУУГЗ хөгжмийн зохиолч Д.Баттөмөрийн ая, Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн шүлэг "Амгалан эх дэлхий минь" дуу үзэгчийн нэрэмжит шагнал, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч А.Энхтайваны хөгжим, яруу найрагч Х.Лхагважавын шүлэг "Ээжээ саналаа" дуу, Х.Мөнх-Ертөнцийн хөгжим, яруу найрагч МУСГЗ Ү.Хүрэлбаатарын үг "Нар зүгийн эх орон" дуу тусгай байрт шалгарав.
Нийтийн дууны төрөлд хөгжмийн зохиолч Д.Дорлигийн хөгжим, Ч.Түмэндэмбэрэлийн шүлэг "Чамтайгаа" дуу тэргүүн байр, Б.Цэрэндондовын ая, Н.Батжаргалын шүлэг "Амьдрал жаргалтай" дуу дэд байр, МУГЖ Г.Тэрбишийн ая, Ж.Ганчимэгийн шүлэг "Бурхан ээж" дуу гуравдугаар байрыг тус тус эзлэв. Хөгжмийн зохиолч Г.Ширчинбаатарын ая, яруу найрагч Ш.Бадарчийн үг "Хайрын хайлан", хөгжмийн зохиолч Д.Алтангэрэлийн ая, МУСГЗ, яруу найрагч Н.Даваадашийн үг "Ижий шаргал говь" үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэв. А.Энхнарангийн хөгжим, Л.Цэнд-Аюушийн шүлэг "Ээж минь" дуу тусгай шагнал хүртсэн байна.
Харин Эстрадын дууны төрөлд Х.Мөнх-Ертөнцийн ая, Б.Төмөр, Г.Энхтуяа нарын шүлэг "Энхийн элч Монгол туургатан" дуу тэргүүлж, О.Хүрэлбаатарын ая, Х.Соёмбын шүлэг "Үеийн үед" дуу удаалав. Гуравт Х.Алтангэрэлийн ая, Ш.Оюунгэрэлийн үг "Залбирал" дуу оров. МУУГЗ Л.Балхжавын ая, Н.Болормаагийн шүлэг "Эрдэнэт Монголоо дуурсгана" дуу үзэгчийн шагнал, Э.Эрболдын ая, Н.Очирбатын шүлэг "Найз" дуу тусгай шагнал хүртлээ.
Уг наадмын төрөл бүрт бүтээлээ сойсон хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц уг наадмын Гран при шагналтнаар тодорч Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас олгодог цул мөнгөн морин хуурын цом, ерөнхий ивээн тэтгэгч "Тотал мюзик" компанийн дуу бичлэгийн, таван сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр шагнууллаа. Мөн Гран при болон дууны ангилал төрөлд бүрд тэргүүн, дэд, гутгаар байр эзэлсэн хөгжмийн зохиолчдыг Морин спорт уяачдын холбооноос хурдан удмын даагаар урамшуулсан нь морин хуурын утга агуулгыг өндөрт өргөсөн явдал боллоо.