Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд “Хараат бус сэтгүүл зүй-2019” форум боллоо.

2019 оны 05 сарын 03

Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд “Хараат бус сэтгүүл зүй-2019” форум боллоо.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Үндэсний сэтгүүл зүйн 106 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран жил бүр уламжлал болгон “Хараат бус сэтгүүл зүй” форум зохион байгуулдаг билээ. Соёлын төв өргөөнд зохион байгуулагдсан энэ удаагийн форумд хэвлэл мэдээллийн салбарын үе үеийн төлөөлөл оролцсон юм. “Хараат бус сэтгүүл зүй-2019” форумд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад зочид төлөөлөгчид оролцов.

Форумыг нээж МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Үндэсний сэтгүүл зүйн шинэ дэвшилтэт хөгжлийн төлөө” сэдвээр илтгэл тавьсан юм. Мөн нийт хэвлэл мэдээллийн ажилчдад баярын мэндчилгээ дэвшүүлж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт хүргүүлснийг Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга уншиж сонордуулсан бол Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга Г.Занданшатар нараас мэндчилгээ ирүүлсэнийг тус тусын Хэвлэл мэдээллийн албаны дарга нь уншиж танилцууллаа.

Хэвлэл мэдээллийн салбарын нийт сэтгүүлч, албан хаагчдад хандан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Дөрөв дэх засаглалын элч болсон эрхэм хэвлэл мэдээллийн үе үеийн төлөөлөл та бүхэнд дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн баярын мэнд хүргэе. Өнөөдрийн энэ арга хэмжээгээр хараат бус сэтгүүл зүйн сэдвээр чуулж, үзэл бодлоо чөлөөтэй солилцон цаашид энэ салбарыг хэрхэн өөрчилж шинэчлэх, ардчилсан ёс зүйтэй оюунлаг сэтгэлзүйн салбарыг хөгжүүлэхийн төлөө хуран цугласан та бүхэнд амжилт хүсье. Нийслэл Улаанбаатар хотын аж амьдралтай холбоотой тулгамдсан олон асуудал байдгийг бид бүхэн мэднэ. Гэхдээ энэ асуудлуудыг нийгмээрээ бүгдээрээ хөдөлж байж ард нь гарч шийдвэрлэх зайлшгүй сорилтын үед бид бүхэн ирээд байна. Тиймээс сэтгүүл зүйн салбарын нийт хамт олон та бүхэн эдгээр асуудлыг шийдвэрлэхийн төлөө иргэд олон нийтэд зөв мэдээ мэдээллийг хүргэж, хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Иргэдийнхээ мэдэх эрхийн түүчээ болсон нийгмийг соён гэгээрүүлэх үндсэн үүргийг хүлээгч хэвлэл мэдээллийн салбарын та бүхэнд дахин ажлын амжилт хүсье” хэмээлээ.

Форумын үеэр тохиосон нэг баярт явдал бол ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан албан хаагчдыг салбарын шагналаар шагнасныг гардуулсан юм. Энэ өдөр “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, “Ган үзэг” цол тэмдгээр нэр бүхий сэтгүүлчид шагнагдсан бол Нийслэлийн Засаг даргын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шангалаар МҮОНРТ, TV5, TM телевиз, “Засгийн газрын мэдээ”, “Монголын үнэн”, “Зууны мэдээ” сонин, мэдээллийн www.Gogo.mn, www.iToim.mn, www.shuud.mn сайт гэсэн байгууллагууд шагнагдлаа.