Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойн хүндэтгэлийн хурал Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд
Монгол Улсад Онцгой байдлын байгууллагыг үүсгэн байгуулсны 15 жилийн ойг өнөөдөр тэмдэглэж байна.
Энэ түүхэн ойг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойн хүндэтгэлийн хурал Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойг тохиолдуулан үе үеийн албан хаагч, аврагчдын байгуулсан алдар гавьяа, бахархам үйл хэргийг үнэлж, Монгол Улсын төр, ард түмний нэрийн өмнөөс Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг хүндэтгэлийн туганд нь заллаа.
Хүндэтгэлийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч, хатагтай Биата Транкман, МУЗН-ийн нарийн бичгийн дарга Л.Болормаа нарын хүндэт зочид болон Онцгой байдлын байгууллагын үе, үеийн удирдлага, алба хаагчид оролцож байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, хэлсэн үгэндээ, “Эх орон, ард түмэн, хамтран зүтгэгчийнхээ төлөө алтан амиа өгч чаддаг, өөрийн нэр хүнд, сахилга бат, тэсвэр хатуужил, ажил үйлсээрээ бусдад үлгэр дуурайл үзүүлж байдаг Онцгой байдлын алба хаагчдаараа Монголын төр засаг, ард түмэн бахархаж байдаг. Та бүхэн өргөсөн тангарагтаа ямагт үнэнч байж, гамшиг, ослоос эх орон, ард түмнээ хамгаалахын төлөө өөрийн амь нас, эрүүл мэндээ үл хайрлан зүтгэж байдаг, ард түмнийхээ дунд “Энэ цагийн эгэл баатрууд” хэмээн өргөмжлөгдсөн Монгол төрийн сүлд хийморь, ард түмний авралын эзэд юм. Түүхийн 15 жилийн хугацаанд байгууллагын удирдлагын тогтолцоо, хууль эрх зүйн орчин бүрэлдэж, бие бүрэлдэхүүний ур чадвар дээшилж, техник, тоног төхөөрөмжийн хангалт, хүчин чадал нэмэгдэн улс орныхоо төдийгүй дэлхийн жишигт хүрсэн алба болон хөгжиж байна” гэлээ.
Мөн Шадар сайд Ө.Энхтүвшин, “Хүний амьдралтай харьцуулахад 15 жил богино хугацаа хэдий ч та бид хамтран Онцгой байдлын байгууллагыг бэхжүүлэх, чадавхжуулах талаар олон чухал арга хэмжээ хэрэгжүүлсний үрээр бид иргэдээ авран хамгаалах, аюулгүй, амар тайван амьдруулах төрийн эрхэм үүргээ нэр төртэйгөөр биелүүлж ирснийг онцлон дурдахад таатай байна. Өнөөдөр төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, найдвартай хүргэж байгаа, нэр хүндтэй, итгэл хүлээсэн байгууллагуудыг Онцгой байдлын байгууллага ямагт хошуучлан ажиллаж байгааг энэхүү баярын өдөр онцлон тэмдэглэж хэлье.Цаашид гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийх болон мэдээллийн өгөгдлийн сан ашиглалтыг хөгжүүлэх, эрсдэлийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх, гамшгийг тэсвэрлэх, эрсдэл даах чадвартай төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, гамшгийг даван туулах, сэргээн босгох чадвартай, тогтвортой иргэний нийгмийг бий болгоход онцгой анхаарч ажиллах болно.Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, чадавх жил ирэх тусам бэхжиж, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмж дээшилнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.
Харин ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал хэлэхдээ, “Түүхийн энэ хугацаанд гамшгаас хамгаалах үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, Онцгой байдлын байгууллага, түүний харьяа анги, салбарыг олон улсын байгууллагын жишигт ойртуулан орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэх эрх зүйн орчин нэгэнт тогтсон. Улс орны эдийн засгийн нөхцөл, төсөв хүндрэлтэй амаргүй үеийг туулж байгаа хэдий ч 2015 оноос хойш 42 анги, салбар, хэлтсийг шинээр байгуулж 900 гаруй алба хаагчаар эгнээгээ тэллээ. Гамшиг, аюулт үзэгдлийн үеийн удирдлага, зохион байгуулалт, оператив үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, олон улсын жишигт үүднээс Онцгой байдлын байгууллагын тогтолцоог 2016 оноос Бүсийн төвийн зохион байгуулалтад шилжүүлсэн. Бид өнөөдрийн түвшинд хүрсэн ололт, амжилтаа бататгаж, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Онцгой байдлын алба улам бүр бэхжин өнө мөнх оршин тогтноно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.