Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүндэтгэлийн концерт

2019 оны 10 сарын 28

Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн баярын  Хүндэтгэлийн концерт Нийслэлийн Соёлын Төв өргөөнд 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 14:00, 18:00 цагуудад тоглолоо. Хүндэтгэлийн концертын ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Соёлын Төв Өргөөний хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллалаа. 

Хүндэтгэлийн концертыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон төр, засгийн түшээд, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн үе үеийн удирдлагууд, нийслэлийн хүндэт иргэд, гадаадын зочид төлөөлөгчид үзэн таалан соёрхлоо. 

Хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатар, Концертын захирлаар Нийслэлийн Соёлын Төв Өргөөний захирал, Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Бадамын Байгалмаа, Ерөнхий зураачаар Дуурь Бүжгийн Эрдмийн театрын ерөнхий зураач, Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Гунгаасүхийн Ганбаатар, Концертын хөтлөгчөөр СГЗ Д.Цоодол, Ч.Ичинхорлоо туслах найруулагчаар Нийслэлийн Соёлын Төв өргөөний Уран бүтээл техникийн албаны дарга Д.Баянзул, Үндэсний Урлагийн Их Театрын бүжиг дэглээч МУСТА Х.Хашхүү нар ажиллалаа.

Хүндэтгэлийн тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтарч, мэргэжлийн урлагийн байгууллагуудтай төлөвлөгөөний дагуу хамтран ажиллаж чанартай тоглолт уран бүтээлийг нийслэлийн 380 жилийн ойгоор үзэгч түмэндээ хүргэлээ. Тоглолтонд: Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Монгол Улсын Филармонийн “Морин Хуурын чуулга”, “Симфони Найрал” хөгжим,“Баянмонгол” чуулга, Нийслэлийн “Улаанбаатар” чуулга, Монгол Улсын Консерватори, Монголын Хүүхдийн Ордон зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын зургаан оркестр, найрал дуучид, бүжигчид, үе үеийн урлагийн алдартнууд тэргүүтэй 800 гаруй уран бүтээлчид оролцлоо.