НИЙСЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ “ХОТЫН СОЁЛ” АЯНД НЭГДЛЭЭ.

2020 оны 03 сарын 25

“ХОТЫН СОЁЛ” АЯН “СОЁЛТОЙ БОЛГОЁ-ХАМТДАА ӨӨРЧИЛЬЕ”

УРИАН ДОР ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь нийслэл Улаанбаатар хотод төвлөрөн, нийгэм, эдийн засаг, боловсрол, соёлын төв болон өдөр ирэх тусам хөгжил дэвшлийн зам руу улс орноо түүчээлсээр байна. Одоогоос 60 жилийн тэртээ нүүдэлчин өв соёлтой Монголчууд бид суурин амьдралд шилжиж орчин цагийн соёл иргэншлийг эхлүүлж байсан түүхтэй. Өдгөө нийслэл Улаанбаатар хот маань дэлхийн метрополист хот буюу их хотын нэг хэдийнээ болжээ.

Хот маань хөгжихийн хэрээр иргэд биднээс хамтын амьдралын соёл, харилцан хүндлэл, хувь хүний төлөвшил гээд хамтын нийгмийн амьдралын хэв маягийг шаардсаар байна. Ялангуяа сүүлийн үед хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа аюулт тахал, халдварт өвчинтэй тэмцэж үр хүүхэд цаашлаад улс үндэстний аюулгүй байдлыг сахин хамгаалах нь нийслэлийн иргэн бүрийн хариуцлага, хамтын зүтгэлээс хамааралтай болоод байна. Энэхүү аюул эрсдлийг хотын соёл, иргэн хүний хариуцлагыг ярихгүйгээр даван туулах боломжгүй нь нэгэнт тодорхой юм. Иймд 60 жилийн тэртээ амжилттай хэрэгжүүлж байсан “Соёлын довтолгоо”-г нэхэн санаж их хотоо соёлжуулах “Хотын соёл” бүх нийтийн аяныг нийслэл даяар эхлүүлж байна.

“Хотын соёл” бүх нийтийн аяныг хэрэгжүүлэхэд иргэн таны оролцоо зайлшгүй шаардлагатай бөгөөд таны “Хотын соёл”-д оруулж байгаа хувь нэмэр хотоо, улсаа хөгжүүлэх оюунлаг, бүтээлч, хариуцлагатай зүтгэл байх болно. Тус зүтгэл нь нийслэлийн иргэд бидний 2 дахь гэр болсон гудамж талбайд нус цэр, хогоо хаяхгүй байх, ил задгай бие засахгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ ягштал биелүүлэхээс эхлэнэ.

Соёл бол нийгмийн бүхий л харилцаа, салбар бүрт хамааралтай асуудал тул хувийн болон ахуйн соёл, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Соёлтой Болгоё - Хамтдаа өөрчилье” уриан дор “Хотын соёл” аяныг ийнхүү өрнүүлж эхэллээ. Энэ дашрамд дуулгахад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 4000 гаруй ажилтан албан хаагчид өнөөдрөөс эхлэн “Хотын соёл”-ыг түгээх, хэвшүүлэх аянд нэгдэж байга бөгөөд иргэд та бүхнийг ч мөн адил нэгдэхийг уриалж байна. Ийнхүү өөрчлөлтийг өнөөдрөөс эхлүүлцгээж, соёлтой хотод аз жаргалтай амьдрахын төлөө хамтаа зүтгэцгээе.