Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Энэ сарын 8-нд тусгай үүргийн нислэгээр Австрали улсаас ирсэн хүмүүсийг ХӨСҮТ болон зочид буудал, амралт сувилал зэрэг тусгаарлах байруудад хуваарилан байрлуулсан. Өнөөдрийн байдлаар 45 тусгаарлах байруудад 1601 иргэний эрүүл мэндийг хамгаалах үйл явц хэвийн явагдаж байна.
Нийт 17 удаагийн тусгай нислэгээр 9324 хүнийг татан авсан. Улаанбаатар-Нур-Султаны онгоц өнөөдөр 19:35 цагт ирнэ. Зургаадугаар сарын 17, 19-ны өдрүүдийн нислэгийн бэлтгэл хангагдаж байна гэлээ. ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Мөн Зүүн өмнөд Ази дахь иргэдийг авахаар Сөүл рүү дахин нэг нислэг үйлдэхээр ярилцаж байна. Хилийн чанадад буй иргэдийн талаарх мэдээллийг 24 цагийн дотор авдаг. Өнгөрсөн онд гадаадад манай улсын 128 иргэн нас барсан. Энэ сарын 7-8-нд шилжих шөнө Польш улсад 21 настай манай улсын иргэн өндрөөс унасан байдалтай нас барсан нь тогтоогдсон. Энэ бол албан ёсны мэдээлэл. Ар гэрийнхэн нь амиа хорлосон талаар хэвлэл мэдээллээр гарч буйд маш их эмзэглэж байна. Энэ хэрэг шалгагдаж байгаа гэдгийг хэлье. Амь насаа алдсан тухайн оюутан нутаг буцах хүсэлт гаргаагүй байсан. Польш улсад 130 гаруй оюутан суралцдаг. Сургуулийн төлбөрийг тухайн улс даадаг. Харин амьжиргааны зардлыг манай улсаас хариуцдаг, жилд хоёр удаа олгодог" гэлээ.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Ж.Амгалан "Эх орондоо ажил болж ирчихээд хүний санаанд оромгүй зөрчил гаргаж байна. УОК-ын Шуурхай штабаас тусгаарлах байранд байгаа хүмүүс гэрээсээ хүнс, эд зүйлс авах журмыг гаргасан. Талх ухаж, дотор нь тамхи хийсэн тохиолдол илэрсэн. Усны саванд архи хийж оруулсан байна. Тусгаарлах байруудад байгаа иргэд онцгой үеийн бэлэн байдал болон журмыг сахих хэрэгтэй. Олон улсын аюулгүй байдлын судалгаагаар халдвар аваад эдгэсэн 60 хүн тутмын нэг нь халдвар тараах магадлалтай гэдгийг анхааруулсан. Сонгууль болохтой холбоотойгоор иргэдийн дэг журам сахих байдал маш суларч байна. Иргэн бүрийн сэтгэл нийлж байж цар тахлаас сэргийлнэ. Сум, аймгийн наадмын цэнгэлдэхийг хэрхэн бэлдэх зааварчилгааг хүргүүлсэн" гэлээ. Мөн тэрээр тусгаарлах байранд ажиллаж байсан цагдаагийн албан хаагчийн бие муудаж, эмнэлэгт очоод нас барсан тохиолдол гарсан гэлээ.
НМХГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга н.Баярболд "Хилээр нэвтэрч буй иргэдийн эрүүл мэндэд хяналт тавьж байна. Мөн уул уурхай, хүнс бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх үйл явцад хяналт шалгалт хийж байна. Түүнчлэн дотоодод үйлдвэр, үйлчилгээ явуулж буй ААН, байгууллагуудад коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бэлэн байдалд тус тус хяналт тавьж байна. Улсын хэмжээнд 13 хилийн боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөн хийж байгаа бөгөөд иргэдээ татан авах тусгай захиалгат үйл ажиллагаа явуулж байна. Буянт-Ухаа боомтоор нийт 19 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж 3750 иргэн, авто замын болон төмөр замын хилийн боомтуудаар 5582 иргэнээ татан авлаа. Мөн 7460 зорчигчийг тусгаарлан ажиглалтад шилжүүлсэн. Хилийн авто замын болон төмөр замын боомтоор өдөрт ачаа тээврийн 20-30 галт тэрэг, 1300 орчим ачааны машинаар 250-300 тонн хүнс болон бараа импортолж байна. Үүнд Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинжилгээ хийж, нэвтрүүлж байна. УИД-т гал гарсан тул Мэргэжлийн хяналтын газраас хяналтын байцаагч нар ажиллаж буй. Хүнсний бүтээгдэхүүнд лабораторийн шинжилгээ хийж байна. Хэрэв чанар хангахгүй бол хурааж авна. Одоогоор барилгын тавдугаар давхарт эрсдэлийн үнэлгээ хийж буй юм."