Хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх шийдвэр гарлаа.
БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүрэг, 13 аймгийн 19,900 багш өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар сургалтад хамрагдаад байна. Үлдсэн найман аймаг энэ өдрүүдэд сургалтаа зохион байгуулж байгаа.
Энэ хичээлийн жилд нийслэл болон зургаан аймгийн нийт 377 сургууль нэгдүгээр ангийн элсэлтийг цахимаар зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар орон нутгийн элсэлт 54, нийслэлийнх 60 хувьтай үргэлжилж байгаа. Наймдугаар сарын 28-н гэхэд элсэлтийн ажил дуусч, эцсийн дүн мэдээ гарна.
Багшийн сул орон тооны мэдээллийг зургаадугаар сард нэгтгэсэн. Одоогийн байдлаар 3,069 багшийн сул орон тоо байгаа бөгөөд сонгон шалгаруулалт хийгдэж байна. Хамгийн эрэлттэй нь бага ангийн багш бол математик, гадаад хэл, хөгжим, хими, биологийн багшийн орон тоо удаалж байгаа.
Улсын хэмжээнд давхардсан тоогоор 66 компани 140 цэгээр дамжуулан дүрэмт хувцасны борлуулалтыг хийж байна.
Сурах бичгийн нөхөн хангалт хийгдсэн, сургуулиудад хуваарилах ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэх дүн мэдээг илрүүллээ.
Хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор нийт сургуулиудын 89 хувь нь нэгээс хоёр удаагийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийгээд байна. Есдүгээр сарын 1-н гэхэд гурав дахь удаагийн халдваргүйжүүлэлтийг хийж, хичээл эхлэх бэлэн байдлыг хангана. Нийт 2,160 гар угаалтуурыг ерөнхий боловсролын сургуулиудад нэмж байршуулсан. Нэг угаалтуурт ногдох хүүхдийн тоо 46 байна. Цаашид гар угаалтуурын тоог нэмэгдүүлнэ" хэмээн ярилаа.
Үргэлжлүүлэн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- Хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдах уу?
- БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын зөвлөмжийг сургуулиудад хүргүүлсэн бөгөөд хуучин уламжлалт нээлтийн арга хэмжээг зохион байгуулахгүй. Есдүгээр сарын 1-ний өглөөнөөс хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлнэ. Харин хичээл эхлэхээс өмнө тухайн сургууль хичээлийн жилийн онцлог, шинэ багш нарын талаар эсвэл ахмад багш нарынхаа сургаалийг видео хэлбэрээр бэлтгэж хүргэж болно.
- Сурагчид дүрэмт хувцас өмсөх үү?
- 2013 оноос хойш өмсөж байгаа нэгдсэн загварын дүрэмт хувцсаа өмсөнө. Дүрэмт хувцасны үнэ нэмэгдээгүй. Хүүхдэд ялгаатай байдал үүсгэхгүйгээр дүрэмт хувцсаараа жигдэрнэ.