Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 9 сарын 15-ны өдрийг дуустал сунгав

2020 оны 08 сарын 25

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны наймдугаар сарын 25-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. "КОВИД-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжив.


Нөхцөл байдлыг харгалзан есдүгээр сарын 15-наас хойш зарим хязгаарлалтын дэглэмийг сулруулах, цуцлах хүртэл арга хэмжээ авахаар төлөвлөөд байна. 08 дугаар сарын 25-ны байдлаар Монгол Улсад 298 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 289 хүн эдгэрсэн, эмчлүүлж байгаа есөн хүний нэгийнх нь бие хүндэвтэр байна.

Дэлхийн 216 улсад 23.8 сая хүн халдвар авч, 817 мянга гаруй хүн нас барж, 16,4 сая хүн эдгэрсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. Цар тахлын улмаас 60 орчим улс онц байдал зарлаж, 50 улс хөл хорио тогтоон, 80 гаруй улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, хөл хорио тогтоосон, хил хаасан хугацаагаа сунгаад байна. 

Нийтэлсэн: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс