Дүүрэг бүрт “Соёлын цаг” аян хэрэгжинэ

2020 оны 08 сарын 26

НЗДТГ-аас Соёлын яамтай хамтран иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, уран бүтээлчдээр дамжуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалгыг иргэдэд хүргүүлэх зорилгоор “Соёлын цаг” аяныг хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэд Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс, урлагийн байгууллагуудын удирдлагууд, уран бүтээлчид оролцлоо.

Соёлын сайд С.Чулуун аяны нээлтийн үеэр хэлэхдээ, “2020 оны сонгуулийн үр дүнд Соёлын яам 24 жилийн дараа дахин байгуулагдлаа. Шинэхэн байгуулагдсан тус яам монгол хүн бүрийн ялангуяа соёл, урлагийн салбарынхны хүсэн хүлээж байсан гал голомт юм.

Соёлын яам байгуулснаар соёл урлагийн салбарынхан өөрийн түших тулах, зовлон жаргалаа хуваалцах, ажил үйлсээрээ хамтарч ажиллах боломж бүрдэж байгаа юм. Энэхүү боломж нь монголын ард түмэнд хүртээмжтэй, монгол түмнээ соён гэгээрүүлэхэд чиглэсэн монгол өв соёлоо эрхэмлэн хүндэтгэн хайрлан хамгаалж, түгээн дэлгэрүүлэхийн эхлэл болох юм. Энэхүү аянд нэгдэж буй соёл, урлагийн байгууллагууддаа болон нийт уран бүтээлчид, ард иргэддээ сайн сайхныг хүсэж, “Соёлын цаг” аян албан ёсоор нээж буйг хэлэхэд таатай байна” гэлээ.

Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ, “Иргэдийн соёл урлагийн хэрэгцээг хангах шаардлагын хүрээнд номын сан, кино театр зэргийг үе шаттайгаар нээж байгаа ч томоохон урлагийн үйл ажиллагаанууд хаалттай хэвээр байна. Иймээс олон хүн цуглуулахгүйгээр иргэдэд соёлын үйлчилгээг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн дүүрэг бүрт нийтийн бие тамирыг дэмжих хөдөлгөөн өрнөж байгаа. Соёлтой цагаараа дамжуулж иргэддээ соёл урлагийн үзвэр үйлчилгээ тоглолтуудаа хүргэхээр зорьж байна” хэмээлээ.

Аяны хүрээнд нийслэлийн 9 дүүргийн 24 байршилд мэргэжлийн урлагийн байгууллагууд өөрсдийн нэрэмжит гоцлол болон дуэт, дөрвөлөөс бүрдсэн урлагийн тоглолтоо зохион байгуулахын зэрэгцээ музей, нүүдлийн номын сан зэрэг үзвэр үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүйгээр толилуулна. Мөн уран бүтээлчдээр дамжуулан дэлхийн олон улсад тархаад буй цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалгыг иргэдэд хүргэх юм.