Соёлтой Болгоё 8. "Лифтэнд суух, буух" соёл

2021 оны 11 сарын 08

“11 давхар руу өгсөх замдаа 3 удаа зогсож хүн авлаа. Тэд намайг буулгаад бүгд доошоо явлаа” гэсэн инээдэмтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг явдал хэд хоног нийгмийн сүлжээгээр цацагдсан.

Лифт захиалж товчлуурыг дарахдаа та хэддүгээр давхарт зогсож байгаагаас үл хамааран явах чиглэлийнхээ товчлуурыг дарах учиртай. Өөрөөр хэлбэл та дээшээ явах гэж байгаа бол нэгдүгээр давхарт зогсож байгаа тохиолдолд “дээшээ” товчлуурыг дарна. Харин доод давхар руугаа буух гэж байгаа бол лифтний “доошоо” товчлуурыг дарах юм. Зарим хүн "би нэгдүгээр давхарт зогсож байгаа учир лифтийг доод давхар руу дуудаж байна, тиймээс доошоо товчлуурыг дарж байж лифтийг дуудна. Ирэхээр нь дээшээ явна" гэж андуурдаг. Энэ тун буруу ойлголт юм шүү.

Мөн та лифт ирэхийг хүлээн зогсохдоо хаалганы онгойх хэсгийг бүү хааж зогсоорой. Учир нь лифтнээс хүмүүс бууж ирэх магадлал өндөр тул та тэдэнд зай тавин баруун гар талаа эзлэн зогсох бөгөөд хүмүүс бууж дууссаны дараа лифтэнд суугаарай. Хүмүүст зай тавин өгч буулгахгүйгээр та дотогш нэвтрэх боломжгүй шүү дээ.

Лифт таныг орхиод явчихна гэж сандрах хэрэггүй. Хаалга нь хаагдах болоход товчлуурыг дахин дарахад хаалга дахин онгойх болно. Лифтэн дотор та товчлуураас хол зогслоо гээд мөн сандрах хэрэггүй. Товчлуурын ойр зогсож байгаа хүнд хэддүгээр давхрын товчлуурыг дарж болохыг эелдгээр хэлэхэд таны хүссэн давхрын тоон дээр дарж өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.                                    Хотын хүн танд амжилт хүсье. Соёлтой БолГоё

Эх сурвалж: gogo.mn