Соёлтой БолГоё 9. "Баруун гарын дүрэм"
Арван жилд байхад багш нарын “Баруун гарын дүрэм, баруун гарын дүрэм” гэж ягштал сануулдаг байсан үеийг мартсан хүмүүс бишгүй байх шиг байна энэ хотод. Дэлгүүр хоршоо, ер нь хаа газар шатаар өгсөх уруудахад баруун гар талаа дагаад явбал солонгос кино шиг зөрж чадахгүй чи наашаа, би цаашаа гэдэг асуудал үүсэхгүй шүү дээ.
Зам хөндлөн гарахдаа баруун гар талаа баримтлаарай
Ялангуяа ногоон гэрлээр зам хөндлөн гарах үед баруун гарын дүрмээ баримталдаггүйгээс яг л “америк хөлбөмбөг” тоглох гэж байгаа хүмүүс шиг өөд өөдөөсөө тулан, мөргөлдөхөөс наахнуур болно.
Урсдаг шатаар явахдаа баруун гар талаа баримтална
Урсдаг шатны өргөн зэрэгцэж зогссон хоёр хүний хэмжээтэй ижил. Энэ нь урсдаг шатаар зорчихдоо зэрэгцээд зогс гэсэн үг биш. Харин аль нэг тал, ихэвчлэн баруун гар тал уруугаа шахаж зогсоод зүүн гар талаар нь яарсан хүмүүст явах зай гаргаж өг гэж байгаа юм. Гэтэл манайд олон хүн яг голд нь зогсчихдог. Олон янзын шалтгаанаар яарч буй тэр хүнд та саад болохыг хүсэхгүй байгаа биз дээ. Зөвхөн урсдаг шат гэлтгүй ер нь шатаар өгсөхдөө баруун талаа, буухдаа мөн баруун талаа барьж яваарай.
Гудмаар алхахдаа ч баруун гар талаа барьж явна
Өргөн уудам нутагтайгаасаа болдог юм уу Монголчууд цуварч явах дургүй улс. Сугадалцаж, хэлхэлдээд л хориглолт хийж байгаа улс мэт явах нь олон. Гэтэл хотын гудамж маань өдөр ирэх тусам нарийсч байгааг Та бүхэн харж байна. Тиймээс бусдадаа төвөг удахгүй байх үүднээс баруун гар талаа барин /мөн л нөгөө талд хүмүүс явах боломжийг бий болгоно/ цувраад явж байгаарай. Хоёул, гурвуул гудамж хөндөлсөн явах, ганцаар атлаа мөн хойд талынхаа хүмүүст боломж олголгүй зам хөндөлсөн алхах, олон хүнтэй гудманд явж байгаад гэнэт зогсох зэрэг нь бүдүүлэгт тооцогдоно. Учир нь та хөдөө талд ганцаар явж байгаа бус олон хүн ажиллаж, амьдардаг том хотод амьдарч байгаа гэдгээ бүү мартаарай.
Хаалгаар гарч байгаа хүмүүст зай тавьж өгнө
Хаалгаар орж гарахад мөн баруун гарын дүрэм шаардлагатай. Та баруун гар талдаа байрлалаа эзлэснээр хаалгаар гарч байгаа хүмүүст зай тавьж өгнө. Хаалгаар хүмүүс гарсны дараа та орох учиртай. Тиймээс хаалгаар гарч байгаа хүмүүстээ юун түрүүнд зай тавьж өгч байгаарай.
Хотын хүн танд амжилт хүсье. Соёлтой БолГоё
Эх сурвалж: gogo.mn