Соёлын түгээцгээе 12. Онгоцоор хэрхэн зорчих вэ?
Юун түрүүнд хэрэв та нэг онгоцоор хамт явах зорчигчидтой зэрэгцээд зогсож байгаа бол танд онгоцноос хоцрох аюул тохиолдохгүй гэдгийг хэлмээр байна. Тиймээс шахцалдах, түрүүлж орохоор дайрах зэрэг нь бүдүүлэгт тооцогдоно.
Ингээд эхнээс нь танилцуулъя.
Онгоцоор нисэхдээ 2 цагийн өмнө нисэх онгоцны буудалд очсон байх нь танд тав тухтайгаар ачааны жингээ тохируулах, өөрийгөө бэлтгэх зэрэг боломжийг олгодог. Тиймээс аль болох эрт очиж байгаарай.
Зорчигчийг шалгах үзлэгт орохдоо авч ороход хориглосон зүйлсийн жагсаалттай танилцаж, хориглосон зүйлс байгаа бол түүнийг даруй хогийн саванд хийгээрэй. Эс тэгвэл таныг шалгах хугацаа удааширч, арын хүмүүсийг тань хүлээлгэх болно. “Хориглосон” гэдэг үг нь “үнэхээр авч явж болохгүй” гэсэн үг болохыг битгий мартаарай.
Хэрвээ таны биед метал суулгац байгаа бол урьдчилан мэдэгдэх нь шалгалтыг хурдасгах боломжтой. Мөн нөүтбүүкээ ил гаргахад бэлэн байх, бичиг баримтуудаа гартаа барьсан байх зэрэг нь асуудлыг хялбарчилна.
ОНГОЦОНД СУУХ:
Зөвлөмжийн эхэнд бичсэнчлэн та өөрийн очих ёстой GATE буюу зорчигчдын хэсэгтээ цагтаа амжсан, хүмүүс дугаарлаад зогсож байгаа бол айж сандран бачимдах, урдуур нь орох гэж хичээх, бусдаас өрсөх гэж дайрах нь бүдүүлэг. Та хэчнээн хурдан эсвэл удаан орсноос үл хамааран тухайн хүмүүстэй хамт нэг л онгоцоор зорчино. Түрүүлж орлоо гээд гоё суудалд суухгүй, мөн бусдаас түрүүлж очих ёстой газраа очихгүй гэдгийг санаарай.
Гар тээшний жинг хэдийнээ заагаад өгчихсөн байгаа тул та гар тээшээ зохих хэмжээнд нь л байлгах ёстой.
Ер нь аливаа улс оронд очихдоо манай монголчууд бараа таваар ихээр авч, хувцас хунар зөөдөг. Яагаад гэж та өөрөөсөө асуугаад үзээрэй. Танай гэрийнхэн хувцасгүй болчихсон уу, заавал тийм их хувцас өмсөх шаардлагатай юу, яагаад та гадаадад очихоороо л ядарч унатлаа дэлгүүр хэсэх ёстой гэж?
ОНГОЦНЫ СУУДАЛД БУСДАД БҮҮ СААД БОЛООРОЙ
Онгоцонд суусан хойноо онгоцны дүрмийн дагуу л үйлчлүүлнэ. Хэрвээ таныг суудлын бүсээ зүү гэвэл та ЗҮҮХ ЁСТОЙ. Суудлын бүсний гэрэл асах үед зүүж, унтарсан үед суудлын бүсээ тайлж болно. Суудлын бүсээ зүүх дохио бүхий гэрэл ассан үед та босч явж болохгүй.
Онгоцны суудалд суусан үедээ та хажуу талынхаа хүмүүсийн тав тухыг мөн бодолцох ёстой. Таны онгоцны тийз зөвхөн таны суудлын орон зайг танд өгсөн. Тиймээс бусдын орон зай руу тохой, өвдөг, толгой хэсгээрээ орох, цүнх саваа оруулах нь маш бүдүүлэг. Урд талынхаа зорчигчийн суудлыг өшиглөх, өвдөглөх, цохих зэрэг нь танд онгоцны багийн зүгээс анхааруулга авахад ч хүргэж болзошгүй.
Мөн согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь бусдад төвөгтэй байдлыг бий болгоно.
ОНГОЦНООС БУУХ
Онгоц газардах үед та онгоцны багийн зөвлөмжийг сайтар дагах ёстой. Суудлын бүсээ авч болно гэж анхааруулсан гэрэл унтраагүй байхад та суудлын бүсээ тайлах, босч ачаагаа авах гэж оролдох нь маш бүдүүлэг. Та хэдхэн минут, секунд хүлээлээ гээд танд ямар ч асуудал үүсэхгүй.
Онгоцны зорчигчид нэг л хаалгаар гардаг. Та онгоцонд үлдэх нь гэж айж сандрах хэрэггүй. Таныг онгоцонд үлдээх ямар ч боломжгүй.
Харин хугацаа хэмнэхийг үнэхээр хүсч байгаа бол онгоцноос буусныхаа дараа гаалиар нэвтрэх дугаарлалтад түрүүлж очихоор алхаагаа хурдасгаарай. Ер нь бол гаалийн ажилтнууд ч удаан ажиллах ёсгүй учир тэд аль болох хурдан хугацаанд гаалиар нэвтрүүлэхээр чадлаараа хичээн ажилладаг гэдгийг хэлмээр байна.
Соёлтой хүн гэдэг нь хүлээцтэй, тэвчээртэй, бусдыг хүндэтгэж чаддаг хүнийг хэлдэг.
Хотын хүн танд амжилт хүсье.
Эх сурвалж: gogo.mn