Соёлтой Болгоё 12. Олон нийтийн газар ялгадсаа гаргалгүй тэвчих нь соёл

2021 оны 12 сарын 06

Амьсгалын замаар дамждаг өвчнүүд орчны бохирдлоос үүдэлтэй. Сая гаруй иргэн шүлс, нусаа хамаа замбараагүй хаяхаар бид их л бохир орчинд амьдардаг байх нь.

Шүлс таны амнаас гадагшилсан үедээ орчны бохирдлыг бий болгодог бол харин таны аман дотор байвал эрүүл мэндэд чинь хэрэгтэй. Шүлс нь хоол боловсруулахад оролцох, шүд цоорохоос сэргийлэх, амны хөндийг цэвэрлэх, ам хатаахгүй байх зэрэг олон сайн талтай. Тэр ч бүү хэл залуужуулдаг гэдэг.

Хэрвээ шүлсээ хаяж байгаа хүн байвал тэр нь эрүүл мэндийн наад захын боловсролгүй, соёлгүй бүдүүлэг хүн гэсэн үг юм.

Нусаа нийх, цэрээ хаях талаар ярихад ч хэцүү. Үнэндээ хүн бүр өглөө босоод нүүр гараа угаах явцдаа ам, хамрын хөндийгөө цэвэрлэдэг учиртай. Нусаа нийж, бүлээн усаар хамраа зайлна. Ингэснээр та цэвэрхэн байгаад зогсохгүй, ханиад томуугаар өвчлөх эрсдэлийг бууруулна. Харин гудманд цэрээ хаяж байгаа, нусаа нийж байгаа хүмүүс нь нүүр гараа дутуу угааж, ариун цэврээ сахиж чаддаггүй хүмүүс байх нь.

Шүлсээ хаяхгүй, нусаа нийхгүй явсаар байвал заншдаг. Харин энэ үйлдлийг байнга хийх нь давтан хийх зуршлыг бий болгодог тул аль болох ялгадсаа гудманд хаяхгүй байхыг хичээгээрэй.

Шүлс, нусаа гудманд хаяж болохгүй юм чинь бие засаж бүр ч болохгүй шүү дээ.


Нэгэнт та насанд хүрсэн хүн бол гэрээс гарахдаа /хаа нэг газраас гарахдаа/ идэж уух, бие дэх ялгадсаа гадагшлуулах асуудлаа зохицуулж сурах хэрэгтэй юм.

Мөн та амьтан тэжээдэг бол амьтнаа цэцэрлэгт хүрээлэнд салхилуулж болох ч ялгадсыг нь уутанд хийн зохих газар нь хаях ёстойг мартаж болохгүй. 

Эцэст нь, өөрийнхөө ялгадсыг ч зохицуулж чадахгүй хүн том хотод амьдрах нь тун бэрхшээлтэй.

Нус цэрээ хаана хаях боломжтэй вэ?

  • Нусны алчуур авч явах
  • Салфетка авч явах
  • Өөрт байгаа хаягдал цаас ашиглах

Танд өөр хаях газрын санаа байвал сэтгэгдлээр нэмэх боломжтой.

Хотын хүн танд амжилт хүсье. СОЁЛТОЙ БОЛГОЁ