Соёлыг түгээцгээе 15. Сайн байна уу, баярлалаа, уучлаарай, зүгээр, баяртай
Дээрх үгсийг хэлж заншил болоорой. Цөөн жишээ дурдъя.
Сайн байна уу?
Францад байдаг ах маань хэдэн жилийн өмнө Монголд ирчихээд “ерөнхийдөө л зандарч харьцах юм аа, ажил хөөцөлдөөд явахад загнуулсаар байгаад таарах юм” гэж билээ. Харин нэг удаа толгой сэгсрэн инээсээр орж ирлээ. Яасан гэтэл “орцны жижүүр шал угаагаад байхтай таарлаа. Сайн байна уу гэтэл өөдөөс том харснаа “өвчтэй хог вэ” гэнэ ээ намайг” гэсэн юм.
Гэхдээ сүүлийн үед “ахиц дэвшил” нэлээд гарч байгааг дурьдах хэрэгтэй. Хэдхэн жилийн өмнө таксинд ороод “сайн байна уу” гэхэд өөдөөс “хаашаа явах юм” гэж мэндэлдэг байсан бол өдгөө хариу мэндлэх, эсвэл түрүүлж мэндчилдэг болж. Маш сайн тал.
Ялангуяа төрийн албан хаагчид болон үйлчилгээний байгууллагынхан иргэдтэй эелдэг харьцаж, дээрх үгсийг амны уншлага мэт хэлж занших нь зүйтэй.
Уучлаарай
Харин автобусанд эсвэл өөр хаа ч юм хүний хөл дээр гишгэчихээд өөдөөс гайхсан байдалтай том харах, “өө” гээд өнгөрөх нь элбэг. Уг нь бол “уучлаарай” гэж хэлэх ёстой юм. Харин нөгөө этгээд “уучлаарай” гэхэд нь ихэрхэн цихэмхийх биш “зүгээр” хэмээн хариу барих ёстой. Санамсаргүйгээр хүний хөл дээр гишгэх нь байх л асуудал бөгөөд үүнд уурлаж уцаарлах шаардлагагүй.
Мөн хүнийг санамсаргүйгээр гудманд мөрлөх, гараа дэлгэх үедээ цохих, үсээ задгайлан шидэхдээ нүүрийг нь ороолгох, хувцсаа хэт далайн өмсөх үедээ бусдыг шавхуурдах гэх мэт үйлдлүүдэд бүгдэд нь та тухайн хүнээс уучлалт гуйх ёстойгоо битгий мартаарай.
Түүнчлэн арга хэмжээнээс хоцрох үед ч та бусдын үнэт цаг хугацаанаас хумсалсан тул уучлалт гуйх учиртай. “Үнэт” гэдэг нь тэр хугацаанд тухайн хүн олон ажил амжуулж болох байсан, үгүйдээ гэхэд хайртай хүмүүстэйгээ хамт цагийг таатай өнгөрүүлэх байсан бол таныг хүлээн хий дэмий бухимдаж суусан гэсэн үг юм.
Баярлалаа
Бусдад талархаж сураарай. “Баярлалаа” гэдэг нь зөвхөн танд бэлэг дурсгалын зүйл гардуулахад хэлдэг үг биш. Танд хаалга онгойлгосон, суудал тавьж өгсөн, зам талбай зайчилж өгсөн хүмүүст, зам тавьж өгсөн жолоочид гээд бүхэнд баярлаж талархснаа илэрхийлж байгаарай. Энэ нь нийгэмд эерэг уур амьсгалын төрүүлэх төдийгүй нөгөө хүнд дахин эелдэг, зөв үйл үйлдэх нөхцөлийг бүрдүүлдэг байна.
Баяртай
Дараа инээмсэглэн уулзах шалтгаан гаргахын тулд “баяртай” гэдэг үгийг хэлж заншаарай. Хэн нэгний урилгаар аливаа арга хэмжээнд уригдан очсон бол явахдаа заавал энэ үгийг хэлэх нь зүй. Яасан нь мэдэгдэхгүй алга болох нь бүдүүлэг. Ирснээ мэндчилэн хэлж, явж буйгаа ч мэдэгдэн илэрхийлэх нь соёлт хүний нэг шинж юм.
Харилцаанаас харилцаа үүснэ гэдэг. Юу тарина түүнийгээ хураана ч гэдэг. Нэг өдөр та эелдгээр инээмсэглэн, багахан тэвчээр гарган, заримдаа хүлээцтэй хандаж дээрх үгсийг хэлж, бусадтай эелдгээр харьцаад үзээрэй.
Хотын хүн танд амжилт хүсье.
Эх сурвалж: gogo.mn