Нийслэлийн 381 жилийн ойн Хүндэтгэлийн концерт боллоо.
Монгол улсын нийслэл Улаанбаатар хот 381 жилийнхээ шаcтир түүхийг бичиглэж яваа нийслэлчүүд энэ өдрүүдэд ойн баяраа хүндэтгэл бахархал, бүтээлч ажил, өрнүүн амжилтаар дүүрэн тэмдэглэж байна. Нийслэлийн 381 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт өнөөдөр Соёлын төв өргөөнд болж, Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Монгол Улсын филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Нийслэлийн “Улаанбаатар” чуулга зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын оркестр, найрал дуучид, бүжигчид, Монголын үе үеийн урлагийн алдартнууд тэргүүтэй 400 гаруй уран бүтээлч, техник арын албаны ажилтнууд оролцож нийслэлчүүддээ уран бүтээлийн дээжээ өргөн барьлаа.
Хүндэтгэлийн концертыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй холбогдох албаны хүмүүс, нийслэлийн үе үеийн удирдлагууд, иргэд, олон нийт хүрэлцэн ирж, таалан соёрхлоо.
381 жилийн намтар баян түүхтэй нийслэл Улаанбаатар хотын ойд зориулсан энэхүү хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатар, Концертын ерөнхий захирлаар Соёлын Төв Өргөөний захирал, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Бадамын Байгалмаа, туслах найруулагчаар Соёлын Төв Өргөөний уран бүтээл техникийн албаны дарга Д.Баянзул нар ажиллалаа.
Ардын урлагийн гайхамшиг, алтан үеийн нийтийн дууны бахдам өв сан хийгээд дэлхийн сонгодог урлагийн шилдэг бүтээлүүд тоглолтын үеэр эгшиглэж, нийслэлийн 381 жилийн ойн хүндэтгэлийн концертын цар хүрээг харуулав. Дуу, бүжиг, хөгжим, оркестр, хувцас хэрэгсэл, тайз засал, гэрэлтүүлэг, найруулагчийн тавилт, шийдэл энэ бүхнээс зөвхөн монголчуудын гэсэн үндэсний онцлог, үнэ цэн, үнэт зүйл нэвт үнэртэж, мэдрэгдэж байсныг анзаарахгүй байхын аргагүй аж.