Соёлыг түгээцгээе 31. Автобусанд худлаа ярьж, хөл дээр гишгэж, хэт наалдахаа больё.

2020 оны 11 сарын 02

Та хотод амьдарч л байгаа бол хотын соёлд суралцах нь зайлшгүй юм. Гэтэл хотын соёлын нэгээхэн хэсэг болсон нийтийн тээвэрт бид хэр соёлтой зорчдог билээ. 

Автобусанд бие биеэ түлхэж, хөл дээр гишгэх нь энүүхэнд. Зарим нь хурц үнэртэй сүрчиг ханхлуулж дотор эвгүйрүүлнэ. Ингэж явах хэнд ч таатай санагдахгүй нь мэдээж. Бас нэг нь ганцаараа явж байгаа мэт ичих ч үгүй чанга чанга худлаа ярина гээч. Энх тайваны гүүрэн дээр явж байгаа хэрнээ 120 мянгат, 19-р хороололд явж байна гэнэ. Жирэмсэн эхчүүд, хүүхэдтэй хүнд, хөгжлийн бэрхшээлтэй болон настай хүмүүст суудал тавьж өгдөггүй хүн ч бий. 

"Соёлын довтолгоо" цувралаараа бид энэ удаад нийтийн тээвэрт соёлтой зорчих хэд хэдэн сануулгыг хүргэж байна. 

1. ШИЛ ШИЛЭЭ ХАРЖ ДУГААРЛАН ЗОГСОЖ СУРЪЯ

Автобус /троллейбус/ ирлээ. Гүйлтийн тэмцээнд орж байгаа мэт уралдаж очиж хаалган дээр нь овоороод бие биеэ түлхэнэ. Гаднын улс орнуудад нийтийн тээвэрт суухдаа яг л банканд дугаарлаж байгаа мэт шил шилээ харан зогсож, автобус ирмэгц бусдыг хүндэлж тайван орж сууцгаадаг. Гэтэл манайхан бүдүүлэг гэгч нь түлхэлцэж орохыг яана. Ялангуяа хүүхдүүдийг хурдан ор гэж араас нь түлхсэнээр тэднийг эрсдэлд оруулж, гэмтээж болзошгүй юм.

2. УХАМСРААРАА СУУДАЛ ТАВЬЖ ӨГӨӨРЭЙ

Томоо гэдэстэй хүн зогсож байхад л өөр тийш хардаг, унтаж байгаа юм шиг царайлаад явдаг залуучууд байдаг шүү гэж та хаа нэгтээ сонсож л байсан биз. Бие давхар, хүүхдээ тэвэрсэн, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст суудал тавьж өгцгөөе. Хэвлийдээ бяцхан амь амьдрал тээж яваа эмэгтэйчүүд /бага сартай байсан ч/ таван минут зогсоход л хэвлий хэсгээр нь чангарч, тонус өгдөг юм.

Бага насны хүүхдээ тэвэрсэн болон хөтөлсөн хүмүүс, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэнцвэр муутай байдаг учраас суудал тавьж өгснөөр тэднийг унаж бэртэхээс сэргийлэх юм. Тэд автобусанд орсон ч шууд л таныг бос гэж хэлж чадахгүй тул та боломжтой бол өөрийн санаагаар босож хэвшээрэй. Нөгөөтээгүүр таны бие эвгүйрхээд байвал санаа зоволгүйгээр хэн нэг боломжтой хүнд учраа хэлээд суудал тавьж өгөхийг хүсээрэй. 


3. БУУХГҮЙ БОЛ ГАРАХ ХААЛГАНЫ ДЭРГЭД БҮҮ ЗОГС

Автобусны хойд талын гарах хаалганы дэргэд бөөгнөрөхгүй байхыг хичээгээрэй. Таны зогсоол болоогүй л бол та буух нэгэндээ зай тавьж өгнө үү.

4. БУСДЫН ХӨДӨЛМӨРИЙГ ХҮНДЭЛЖ ЦЭВЭР ЦЭМЦГЭР ЗОРЧЪЁ

Халдварт өвчин дэгдсэн энэ цаг үед автобусанд  өдөр тутам ариутгал хийж, цэвэр цэмцгэр явж болдгийг харуулж буй. Тэгвэл бусдын хөдөлмөрийг хүндэтгэж, нийтийн эзэмшлийн эд зүйлд хайр гамтай хандаж, цэвэр цэмцгэр зорчоорой. Хогоо хаялгүй зорчиж, суудлын бүрээс, бариуланд гамтай хандаарай.

5. НЭГНИЙХЭЭ УТАС РУУ ШИРТЭХ ХЭРЭГГҮЙ

Хажууд зогсох /суугаа/ хүний утас, ном руу ширтэх тийм ч сайхан санагдахгүй л болов уу. Хүний хувийн эд зүйл рүү өнгийхгүй байх нь бас нэг соёл юм. Бас зорчигчид руу удаан ширтэж явахгүй байхыг сануулж байна. 

6. ТОМ ЦҮНХ ҮҮРГЭВЧТЭЙ БОЛ ДООШ НЬ БУУЛГААРАЙ

Та автобусанд суухдаа овор хэмжээ ихтэй цүнх, үүргэвчээ мөрнөөс буулгаж байгаарай. Том цүнх үүрснээр хажуугаар тань өнгөрөх хүмүүст төвөг учруулах магадлалтай тул болж өгвөл буулгаад өвдөг орчимдоо бариарай. 

7. ХУРЦ СҮРЧИГ ҮНЭРТҮҮЛЭХГҮЙ ЯВЦГААЯ

Ихэнх хүмүүс хурц үнэр үнэртээд дотор нь эвгүйрхэх нь олонтаа. Тиймээс хэт нялуун үнэртэй сүрчиг цацчихаад, хөлс, хирээ үнэртүүлэх, сонгино саримстай хоол идчихээд амаа угаалгүй явах нь тийм ч таатай үйлдэл биш. Тэгсэн хэрнээ хэт наалдаж явахыг яана.

8. ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЯВЖ БАЙГАА БОЛ БУСДАД СААД БОЛОХГҮЙ БАЙХАД АНХААРААРАЙ

Хэрвээ та бага насны хүүхэдтэйгээ явж байгаа бол хүүхдээ бусдад саад болохгүй байх тал дээр анхаараарай. Хүүхэд тань урд талын суудал руу өшиглөх, хүний хувцсанд гутлаа хүргэх вий гэдэгт санаа тавина уу.

9. НҮҮРЭЭ БУДАХ ЗОХИМЖГҮЙ

Нийтийн тээвэрт нүүрээ будаж үсээ самнах  зохимжгүй. Нүдний будаг чинь буучихаад янзлах шаардлага гарахгүй л бол…

10. КАРТ УНШИГЧИЙГ НАЛАХГҮЙ БАЙХ 

Буух хаалганы дэргэдэх карт уншигч төхөөрөмжийг налж зогсоод картаа уншуулах гэсэн нэгэнд саад болдог хүмүүс бий. Цүнхээрээ, хувцсаараа, биеэрээ далдалж зогсоод бусдад төвөг учруулснаа ч анзаардаггүй.


11. ЗАЙ ЭЗЛЭХГҮЙ БАЙХ

Хэт зай эзэлж суух, зогсох, эсвэл хүний зам дээр хөлөө тавих, хойд талын хаалганы дэргэдэх сандалд хөлөө унжуулан суух зохимжгүй. Бас суудал дүүрчихээд байхад чихэж суух гэж оролдох бас тийм ч таатай үйлдэл биш. 

12. УТАСНЫХАА ДУУГ СУЛЛАХ, ЧИХЭВЧ ЗҮҮХ

Хэрвээ та автобусанд явахдаа дуу хөгжим сонсох, видеогоор ярилцах, кино үзэх, тоглоом тоглох гэж байгаа бол чихэвч зүүгээрэй.

Бусдад садаа болохгүй байх нь хамгийн том соёл 

Зураач: Б.Мөнх-Орших

Хотын хүн танд амжилт хүсье.

Эх сурвалж: gogo.mn