Соёлыг түгээцгээе 33. Бэлэн мөнгөөр олон төрлийн нян дамждаг. Мөнгөө цахим болгоё

2020 оны 11 сарын 17

Олон хүний гар дамжсан мөнгө хамгийн бохир байдаг учраас мөнгөнд хүрсэн л бол гараа угааж сур гэж бага балчир наснаас маань захидаг байжээ.

Энэ нь хүн бүрийн өөртөө хэвшүүлэх ёстой хувийн ариун цэврийн чухал дадлын нэг юм.

Хэн нэгэн хүн ариун цэврийн өрөө орж биеэ засчихаад гараа угаалгүй мөнгөнд хүрч, тэр мөнгө нь хүн хүний гар дамжсаар танд ирж байна гээд төсөөл дөө. 10 гаруй жил гүйлгээнд байсан мөнгөн дэвсгэртэд хэчнээн хүний  гар хүрснийг бид таашгүй. 

Бэлэн мөнгөний дэвсгэртээр олон төрлийн нян дамждаг. ОХУ-ын Эпидемиологи, микробиологийн судалгааны төвөөс судалгаа хийхэд мөнгөн дэвсгэртээс сүрьеэ, уушгины үрэвсэл, менингит зэрэг 34 төрлийн өвчин үүсгэгч микроб илэрчээ.

Харин Нью-Йоркийн их сургуулийн эрдэмтдийн баг нэг долларын дэвсгэртэд л гэхэд 400 шахам төрлийн аюултай микроб амьдарч байдгийг тогтоосон байна. Тэдгээр дунд арьсны үрэвсэл, амны хөндийн өвчин үүсгэгч нян, гэдэсний өвчин үүсгэгч савханцар, мөөгөнцөр зэрэг нь хамгийн өндөр хувийг эзэлж байв. Түүнчлэн мөнгөн дэвсгэрт дээр томуугийн вирус дунджаар 12 хоног тэсвэрлэх чадвартай байжээ.


Мөнгөн дэвсгэртээс илрүүлсэн өвчин үүсгэгч бичил биетүүдМөнгөн дэвсгэртээс илрүүлсэн өвчин үүсгэгч бичил биетүүд

ХЯТАД УЛС МӨНГӨӨ УСТГАЛД ОРУУЛЖ БАЙНА

Тиймээс дэлхий нийтийг айдаст автуулаад буй амьсгалын болон ахуйн замаар дамждаг коронавирусийн халдвар ч тархах эрсдэлтэй тул  Хятадын эрх баригчид бэлэн мөнгөө халдваргүйжүүлэх, шаардлагатай бол устгах арга хэмжээ аваад эхэлжээ.

Тухайлбал, тус улсын төв банкнаас мөнгөн дэвсгэртээ хэт ягаан туяа болон өндөр хэмээр ариутгаж цэвэрлэхээр болсон юм. 

БЭЛЭН МӨНГӨНӨӨС ТАТГАЛЗАЖ ЦАХИМААР ГҮЙЛГЭЭ ХИЙЦГЭЭЕ

Техник технологи хөгжихийн хэрээр жилээс жилд иргэд бэлэн мөнгөнөөс татгалзаж, банкны картаар төлбөр тооцоо хийх нь нэмэгдэж байна. Карт хэрэглээний хувьд амар хялбараас гадна аюулгүй байдал болон ариун цэвэр талаасаа бэлэн мөнгөтэй харьцуулшгүй билээ.

Түүнчлэн банк болгон цахимаар гүйлгээ хийх үйлчилгээ нэвтрүүлээд байгаа энэ цаг үед картнаас гадна гар утсаараа ч тооцоо хийх боломж хангалттай бүрдээд байна.

Иймд иргэдээ олон төрлийн өвчний халдвараас өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалахын тулд аль болох бэлэн мөнгөнөөс татгалзахыг уриалж буй. Ялангуяа цагаан сарын баяраар хайртай хүмүүсээ халдвараас сэргийлэхийн тулд бэлэн мөнгө барин золгодог уламжлалаа хойш тавьж дансаар шилжүүлэхийг уриалж байна. 

Бэлэн мөнгөөр дамжих халдвараас сэргийлж дараах арга хэмжээг аваарай. Үүнд:

  • Цаасан мөнгөнд хүрсэн бол гараа сайтар угаах, гараа угаахгүйгээр нүд, хамар ам, нүүрэндээ хүрэхгүй байх
  • Аль болох бэлэн мөнгөнөөс татгалзаж, мөнгөө цахим болгох
  • Цагаан сараар золгооны мөнгөө дансаар шилжүүлэх

Хотын хүн танд амжилт хүсье.

Эх сурвалж: gogo.mn