Соёлыг түгээцгээе 36. Гэр бүлийнхээ гишүүдтэй хуваалцаж болохгүй 10 ЗҮЙЛ.
Бид үр хүүхдэдээ хүнээс юмаа бүү харамла, хувааж хэрэглэж сур гэж заадаг ч бусадтай хуваалцаж болохгүй зүйлс бас хүн болгонд бий.
Хэчнээн гэр бүлийн гишүүд, нэг гэрт өсөж төрсөн ах дүүс, бие биедээ хайртай хань ижил ч гэлээ эрүүл мэнд, хувийн ариун цэвэр сахих үүднээс бусдаас юугаа “харамлах” ёстой вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй.
Хэн нэгэн танд хувийн эд зүйлээ өгөхгүй гэвэл “Ялихгүй юмаа харамлалаа”, “Хэзээ байтлаа надаас сэжиглэдэг болчихоо вэ?”, “Ааваасаа /ээжээсээ/ бузартана гэж юу байх вэ?” гэж бүү бодогтун.
Учир нь бид бүгд тусдаа хувь хүн, бие махбод, хэрэглээтэй хүмүүс тул ахуйн хэрэглээний зүйлс, аяга халбага, хувцас хунараа хольж солихгүй байх нь таны болоод хайртай хүмүүсийн тань эрүүл мэндийг хамгаалах чухал ач холбогдолтой юм.
Энэ нь одоо дэгдээд байгаа коронавирус болоод бусад халдварт өвчнөөс таныг мөн хайртай хүмүүсийг тань сэргийлэх эхний алхам болно.
1. ШҮДНИЙ СОЙЗ
Амны хөндий эрүүл бол бие эрүүл гэдэг. Гэвч гэрлэсэн, гэрлээгүй олон хос дундаа нэг сойзоор угаадаг гэвэл та итгэх үү? Зарим хос жилээс ч урт хугацаанд дундаа нэг сойз хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тухай Их Британид хийсэн нэгэн судалгаанд дурджээ. Хосууд үүнийгээ ариун цэвэрт тийм ч харш зүйл гэж үздэггүй байна.
Гэтэл Америкийн шүдний холбооноос шүдний сойзоор олон төрлийн нян, халдварт өвчин дамждаг бөгөөд амны хөндийн болон хоол боловсруулах эрхтний эмчилгээ /жишээ нь: хеликобактерийн/ хийлгэснийхээ дараа шүдний сойзоо солихыг зөвлөжээ.
2. САХЛЫН ТАТУУРГА
Сахлын татуургыг арьсны гадна талд (эмэгтэйчүүдийн татуурга мөн багтана) хэрэглэдэг учраас заавал тусдаа байх албагүй гэж та бодож магадгүй. Гэвч татуургууд арьс зүсэгдэж гэмтээгүй байсан ч үү, фолликулит (үсний уутанцарт үүссэн үрэвсэл), мөөгөнцрийн халдвар зэрэг арьс болон зөөлөн эдийн халдвар тараадаг байна.
Тиймээс хэчнээн нэг гэрт амьдарч байгаа ч тусдаа татуургатай байх нь чухал. Түүнчлэн 5-10 удаа хэрэглэснийхээ дараа хутгыг нь солих шаардлагатай гэдгийг арьсны эмч нар зөвлөжээ.
3. НҮҮР ГАРЫН БОЛОН БИЕИЙН АЛЧУУР
Гэр бүлийн гишүүд нүүр гарын алчуураа дундаа хэрэглэж огтхон ч болохгүй. Тэр ч байтугай биеийн алчуур нь ч тусдаа байх хэрэгтэй. Алчууранд стафилококкийн халдвар хэдэн цаг, хоног, сараар ч амьдрах чадвартай байдаг аж.
Тиймээс багадаа долоо хоног болгон сольж /угааж/, чийгтэй алчуураа дэлгэж хатаан, өөр хэн нэгэнтэй хуваалцахгүй байхыг хичээгээрэй.
4. САВАН
Саван (хатуу саван) нь цэвэрлэгээний бодис ч гэлээ нян үржих таатай нөхцөл болдог ажээ. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс шингэн саван хэрэглэхийг зөвлөж байна. Хэрвээ та хатуу савангаар угаах дуртай бол бусадтай хуваалцахгүй байхыг зөвлөжээ. Учир нь саван чийгтэй байх үедээ нян, мөөгөнцөр үрждэг бөгөөд дараа дараагийн хүн гараа угаахад хатаж амжилгүй дамждаг байна.
5. САМ
Самаар бөөс, хамуу, заримдаа бүр стафилококкийн халдвар дамждаг ажээ. Тиймээс хүн болгон хувьдаа самтай байх хэрэгтэй бөгөөд үсчинд орохдоо ч самаа ариутгасан эсэхэд анхаарч, шаардлага тавьж байх нь чухал. Мөн та өөрөө ч самаа хоёр долоо хоног болгон цэвэрлэж, бактерийн эсрэг савантай усанд цаг орчим ариутгахыг зөвлөжээ.
6. ХӨЛС ДАРАГЧ
Зарим хосууд дундаа нэг хөлс дарагч хэрэглэдэг. Хөлс дарагч нь наалдамхай гадаргуутай учраас мөн л нян зөөвөрлөгч болдог тул хүн болгон тусдаа хэрэглэх нь чухал ажээ.
7. АЯГА ХАЛБАГА
Зарим эцэг эхчүүд халуун хүйтнийг нь мэдэхийн тулд хүүхдийнхээ хоолноос амссан халбагаа буцаагаад хоол руу нь хийх, өөрийн идсэн аяганаас хоол өгөх, хүүхдэдээ амандаа зажилж хоол өгдөг.
Аяга халбагаар амны хөндийн бүхий л төрлийн өвчлөл, тэр дундаа хоолой, шүд, хоол боловсруулах эрхтний өвчлөл үүсгэдэг олон төрлийн нян дамждаг билээ. Жишээлбэл, гэрт нэг л хүн хеликобактерийн халдвартай, хоолойн ангинатай бол гэр бүлийн бусад гишүүдэд маш амархан халдварлах эрсдэлтэй байдаг юм. Мөн нэг савнаас ус, ундаа дамжуулж уух, хүнсний зүйлээ дамжуулан хазаж, хувааж идэх зэргийг хязгаарлах шаардлагатай.
8. ХУМСНЫ ХУТГА
Хумсны хутга, хайчийг ч мөн гэр бүлийн гишүүд дундаа хэрэглэж болохгүй. Хумсны хутга, мах авагч болон бусад хэрэгслээр мөн л олон төрлийн нян, вирус дамжих эрсдэлтэй гэж үздэг. Тухайлбал, хумсны мах авагчийг цэвэрлэж ариутгаагүй үед хепатит С вирус халдварлах аюултай. Мөн гарт байгаа нянгийн ихэнх хувь нь хумсны завсар байдаг тул хумсны хутгаа дундаа хэрэглэснээр бие биедээ халдвар тараах орчин бүрдэж байгаа ажээ.
9. ДОТУУР ХУВЦАС, ОР ХӨНЖЛИЙН ДААВУУ
“Юу гэж дотуур хувцсаа солив гэж?” гэж та гайхаж магадгүй. Гэвч том болсон хүү нь аавынхаа дотоожийг, ах дүүс бие биеийнхийгээ, эгч дүүс хөхний даруулгаа сольж өмсөх тохиолдол ч зарим гэр бүлүүдэд байдаг байна. Гэвч хувь хүний наад захын соёл дотуур хувцаснаас эхэлнэ. Дотуур хувцсыг өдөр бүр сольж байх хэрэгтэй ба халуун усаар нянгийн эсрэг савангаар угааж индүүдэн өмсөхөөс гадна хамгийн гол нь бусадтай сольж болохгүй.
Ор дэрний даавуу ч мөн адил тусдаа байх хэрэгтэй. Боломжтой бол та хүүхдүүдээ тусад нь оронд унтуулах нь чухал. Мөн даавуугаа долоо хоног бүр сольж, халуун усаар угаан, индүүдэж ариутгаснаар арьсны халдвар, мөөгөнцөр халдварлахаас сэргийлнэ.
10. АМНЫ ХААЛТ
Үхлийн аюултай халдварт өвчин тархаад буй энэ цаг үед хүн бүр тус тусдаа амны хаалттай байх хэрэгтэй. Амны хаалтыг удаан зүүснээр нян үржих таатай нөхцөл бүрддэг тул хувь хүн хоёр цаг тутам солихыг зөвлөж буй. Гэвч амны хаалтын хомсдолоос үүдэн өрх гэрийн гишүүд орж гарахдаа нэгнийхээ хэрэглэсэн амны хаалтыг зүүгээд гарах нь түгээмэл үзэгдэл болж байгаа аж. Тиймээс та эрүүл ахуйн үүднээс нэг удаагийн маск хэрэглэж хэвшээрэй.
Зураач: Ш.Мөнхбуян, А.Билэгжаргал
Хотын хүн танд амжилт хүсье.
Эх сурвалж: gogo.mn