СОЁЛЫГ ТҮГЭЭЦГЭЭЕ 37.“Тамхилах” нэрээр эрэгтэй хүүхдийн биед хүрэхээ больцгооё.

2020 оны 12 сарын 14

Монголчууд “тамхилах” нэрээр бага насны эрэгтэй хүүхдийн өмдийг нь олны нүдэн дээр шувталж, эмзэг эрхтэнд нь хүрч, үнэрлэдэг. Балчир үрсээ өхөөрдөж, эрхлүүлж байгаа мэт үйлдэл боловч энэ нь бага насны хүүхдэд бэлгийн дарамт үзүүлж байгаа нэг хэлбэр юм. Цаашлаад хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж болохыг сэтгэл зүйчид хэлж байна.

Гэтэл зарим нэг нь эрт дээр үеэс уламжлагдан ирсэн зүйл, хүүхдийг тамхилах юу нь буруу гэж, яагаад гаж үйлдэл гэж хараад байна вэ хэмээн бухимдана. 

ХҮҮХДЭД МИНИЙ БИЕД ДУРААРАА ХҮРЭХ НЬ ХЭВИЙН ЗҮЙЛ ЮМ БАЙНА ГЭСЭН ОЙЛГОЛТ ӨГДӨГ

"Монголчууд эрэгтэй хүүхдийн бэлэг эрхтэнд тамхилах нэрээр биед нь зөвшөөрөлгүй хүрэх нь нийтлэг байдаг ба энэ үйлдлийг хэвийн зүйл гэсэн хэвшмэл ойлголттой байхад гадаад улс орны хувьд хүүхдийн хүчирхийлэлд тооцогддог. Өөрөөр хэлбэл бэлгийн дарамт үзүүлсэн гэгддэг байна. 

Энэ нь магадгүй хүчирхийллийн талаар хэвшмэл буруу хандлагыг ухамсаргүйгээр хүүхдийн зан үйл болон сэтгэл зүйд суулган, “Хэн нэгэн миний биед дураараа хүрч болох нь хэвийн зүйл юм байна” гэсэн ойлголтыг өгдөг байж магадгүй. Ингэснээрээ хэн нэгний биед дураараа хүрч болно гэсэн ойлголт яг энэ үеэс үүсэж болох юм. Аав ээж ч үнэндээ тоохгүй өөрсдөө тэрхүү үйлдлээ хайраа илэрхийлж байгаа арга гэж ойлгодог байх. 

Гэтэл аав ээж ч хүүхдийн биед хэн нь хаана нь хүрэх вэ гэдэг нь ч хүйсийн хувьд ялгаатай. Бид хүүхдийг хэрхэн хамгаалах, хүүхэд өөрийгөө хэрхэн хамгаалах вэ, хэн хэн биед нь хүрч болох болохгүйг, хэрэв ямар нэгэн юм болбол хэрхэх талаар огтоос зааж өгөхгүй байгаа нь харагддаг“ гэсэн юм. 

ХҮҮХДЭЭ ХАМГААЛАХЫН ТУЛД ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТОО ЭРГЭН ХАРАХ ХЭРЭГТЭЙ

Тэгвэл энэ зан үйлийг бид уламжлал хэмээн авч үлдэх нь хэр зөв бэ?

Антропологич, доктор Д.Бум-Очир “Энэ зан үйл хэдий үеэс гаралтайг мэдэхгүй ч ёс заншил гэдэг нь бий болдог, бас явцдаа өөрчлөгддөг зүйл. Тиймээс энэ зан үйл ч мөн өөрчлөгдөх боломжтой” гэсэн юм. 

Энэ талаар сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнэ “Бага насны хүүхдээ хамгаалахын тулд бид хэвшмэл ойлголт, хандлага, хэв маягаа дахин эргэн харах цаг нь болжээ. Мөн охиндоо, хүүдээ өөрийгөө хэрхэн хамгаалах талаар зааж өгөх, хэн биед нь хүрч болох, танихгүй хүн хүрвэл хэрхэх талаар хүүхдийн нас, бие бялдар, сэтгэл зүйн онцлогт нь тохируулан зааж өгөх юм.

Австрийн сэтгэл судлаач А.Адлерийн “Бие хүний хөгжил”-ийн онолоор бол хүний амьдралын хэв маяг хүүхдийн 4-5 настайд бий болдог ба насанд хүрэхэд нэг их өөрчлөлт гардаггүй гэж үзсэн. Хүүхдийн сэтгэцийн процессууд буюу сэрэл хүртэхүй сэтгэхүй нь бидний амьдралын хэв маягаас хамаарч байдаг гэжээ. Мөн зан үйлд гарч байгаа өөрчлөлт нь хандлагыг өөрчилдөг.  Тэгэхээр байнга л бэлэг эрхтнээ оролдуулаад байдаг хүүхдийн сэтгэхүй бол бусдад зөвшөөрөлгүй хүрэх нь хэвийн зүйл гэж ойлгож болох нь. Мөн өөр сэдлийг ч бий болгож байх вий” гэлээ.

Сэтгэл зүйч Г.Төмөрзаяа хүүхдэдээ бага наснаас нь “Бэлгэ эрхтэн нь зөвхөн чиний нандин зүйл гэдгийг маш сайн ухааруулах хэрэгтэй” гэдгийг нэгэн ярилцлагадаа дурджээ. /эх сурвалж: npost.mn/ ”Гэтэл энэ нандин зүйлдээ дурын хүн хүрэхийг зөвшөөрдөг болчихно, эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай” гэсэн байна.  

Сэтгэл зүйч Д.Лхамсүрэн “ “Тамхилах” гэдгийг огт ойлгодоггүй. Эрэгтэй хүүхэд гэдгээр нь бахархаад байгаа юм уу? Байж болох зүйл огт биш. Гол нь тамхилж байгаа хүн энэ нь хүүхдэд гэм хортой зүйл гэж боддоггүйд учир бий” хэмээн манай сайтад өгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн юм. 

ОХИД БҮСГҮЙЧҮҮДИЙН БИЕД ХҮРЭХ НЬ БҮДҮҮЛЭГ ҮЙЛДЭЛ

Монголчууд эр хүний толгойд хүрдэггүй гэдэг. Гэтэл гудамжинд яваа охид бүсгүйчүүдийн хажуугаар өнгөрөхдөө хөх, өгзөг, гуяд нь хүрч, хормойг нь сөхөж, доог тохуу хийдэг бүдүүлэг залуус бий. 

Эр хүний толгой ч бай, охидын өгзөг, гуя ч бай хүний бие л бол бие. Хүрч болохгүй. Өөрийгөө хамгаалах чадваргүйгээр нь далимдуулж охидын биед нь хүрч, бахаа хангадаг залуучууд  мөн л бэлгийн дарамт учруулж байгаагаа ойлгох хэрэгтэй. Энэ бол хувь хүний маш том соёл. 

Үл таних этгээд охидын хажуугаар өнгөрөхдөө сайхан хөхтэй эсвэл хавтгай цээжтэй юм, том өгзөгтэй гэх мэтээр хүний биеийн галбираар дуудах, гарнаас татаж чангаах, эсвэл хэт ойрхон наалдаж явах гэх мэт хувийн орон зайд халдахыг мөн л бэлгийн дарамт гэж үздэг. Ийм халдлагад өртсөн эмэгтэй ямар ч буруутай зүйл хийгээгүй атлаа ичгүүртэй байдалд ордог. Ийм үйлдлийг хэрхэвч тэвчиж болохгүй. Та өөрт таалагдахгүй байгаагаа чангаар хэлэх хэрэгтэй. 

БИЕИЙН ЯМАР ХЭСЭГТ ХҮРГЭЖ БОЛОХГҮЙ ВЭ

Хүүхэд болгонд хүн хүргэж болохгүй эмзэг, нууц хэсэг бий. Үүнд: уруул, хөх, өгзөг, гуя, умдаг, шодой зэрэг орно. Зөвхөн эцэг эх нь хүүхдийнхээ энэ эмзэг хэсгүүдэд нь усанд оруулахад нь, эмч зөвхөн үзлэг хийж, эмчилгээ хийх зорилгоор хүрч болно.  

Хэрвээ хэн нэгэн хүүхдийн эмзэг эрхтэнд хүрвэл "Боль, болохгүй!" гэж чанга хэлж байх, эцэг эх, багшдаа, өөрт нь тусалж чадах хамгийн дотны хүндээ хэлж байх хэрэгтэйг хүүхдэдээ сануулах нь чухал юм. Мөн хүүхдийн тусламжийн утас 108 дугаарт залгах хэрэгтэй гэдгийг хүүхдэдээ сануулаарай.

Зураач: А.Билэгжаргал

Хотын хүн танд амжилт хүсье.

Эх сурвалж: gogo.mn