Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2021 оны 02 сарын 10

2021 оны 02 сарын 10-ны өдөр                                        Дугаар А/87                                             Улаанбаатар хот


Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт

хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй

холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим

арга хэмжээний тухай

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 39 дүгээр зүйл, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7, Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалт, Засгийн газрын 2021 оны 27 дугаар тогтоол, Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 1.Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн хугацаанд Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 14 дүгээр тушаалаар баталсан иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, хүнс, ус, түлш, эм, эмнэлгийн хэрэгслийн худалдаа эрхлэх байгууллагаар үйлчлүүлэх, зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журмын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газар (А.Дашням), нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Ш.Цогбаатар), нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Л.Эрдэнэчулуун), дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

      2.Нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тусгай чиглэлд шилжүүлж, зөвхөн хязгаарлалт тогтоогоогүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үүрэг гүйцэтгэх ажилтан, албан хаагч нарыг зорчуулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Тээврийн үйлчилгээний газар (Ч.Сайханбаяр)-т даалгасугай.

       3.Хязгаарлалт тогтоогоогүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 10-15 хувийг ажлын газрын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтыг үндэслэн хувийн болон албаны тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох нөхцөл боломжийг бүрдүүлж, хяналт тавьж ажиллахыг Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар (С.Жавхланбаатар), нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Ш.Цогбаатар), дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

  4.Халдварын тохиолдол бүртгэгдсэн хороо, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн ажиллах горим, үйл ажиллагааны чиглэл, иргэдийн хөдөлгөөний хүрээ, хязгаарыг шуурхай тогтоож, халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтыг чанд мөрдүүлж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Эрүүл мэндийн газар (Б.Бямбадорж), нийслэлийн Онцгой байдлын газар (А.Дашням ), нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Ш.Цогбаатар), нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Л.Эрдэнэчулуун), Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар (С.Жавхланбаатар)-т үүрэг болгосугай.

        5.Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрэх товчоодын хөдөлгөөнд зохицуулалт хийж, хязгаарлалт тогтоогоогүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйлчилгээ эрхлэгч, жолооч, зорчигчдын PCR шинжилгээний хариуг үндэслэн, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж нэвтрүүлэх, маршрутын бус замын хяналтыг чангатгаж ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар (Б.Бямбадорж), нийслэлийн Онцгой байдлын газар (А.Дашням), нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Ш.Цогбаатар), нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Л.Эрдэнэчулуун), Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар (С.Жавхланбаатар), нийслэлийн Мал эмнэлгийн газар (А.Нарантуяа), дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

       6.Халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг баримтлан, үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад зөвлөсүгэй.

 7.Коронавируст (Ковид-19) цар тахлын халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, заавар, зөвлөмжийг  иргэд, олон нийтэд шуурхай мэдээлж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс (Г.Хонгорзул)-т үүрэг болгосугай.

         8.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч (Р.Чингис)-д даалгасугай.

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Д.СУМЪЯАБАЗАР