Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай

2021 оны 06 сарын 16

2021 оны 06 сарын 16-ны өдөр                                           Дугаар А/477                                        Улаанбаатар хот

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.“а”, “ж”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Засгийн газрын 2021 оны 118, 154 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Улсын Онцгой комиссын 2021 оны 41, 46 дугаар тушаал, Улсын Онцгой комиссын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн   20 дугаар хурлын тэмдэглэлийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 1.Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг бууруулах зорилгоор дараах арга хэмжээг эрчимжүүлж, хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (Т.Гантөмөр), нийслэлийн Эрүүл мэндийн газар (Б.Бямбадорж), нийслэлийн Онцгой байдлын газар (А.Дашням), нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Л.Эрдэнэчулуун), нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал), Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (С.Жавхлантбаатар), дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

1.1.Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоож, “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг хангуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах;

1.2.Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар (ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар)-ын үйлчилгээний танхимын болон гадна талбайн үйлчилгээг (захиалгат хоол хүргэлтийн үйлчилгээ хамаарахгүй) 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 7 хоногийн хугацаатай түр хориглож, амралт, жуулчны газрын үйл ажиллагааг мөн хугацаагаар хязгаарлах;

1.3.Нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж, зам талбай, аж ахуйн нэгж байгууллагын барилга байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх;

1.4.Халдварын тархалтыг бууруулах зорилгоор халдвар хамгааллын дэглэм, тусгай нөхцөл шаардлагыг мөрдүүлэх хяналт шалгалтын үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагууд, дүүрэг, хорооны албан хаагч, хэсгийн ахлагч нарыг татан оролцуулж, батлагдсан дүрэм, журам зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцож, үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах;

1.5.Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалт, үүссэн нөхцөл байдлын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн Улсын Онцгой комисстой зөвшилцөн иргэдийн хөдөлгөөн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүрээ, хязгаарыг тогтоож, шаардлагатай тохиолдолд хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, халдвар хамгааллыг мөрдүүлж ажиллах;

1.6.Коронавируст халдвар (Ковид-19)-ын батлагдсан тохиолдол, ойрын хавьтал болсон иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээний талаарх зөвлөмж, мэдээ мэдээллийг тогтмол хүргэх;

1.7.Хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа, түүгээр зорчих иргэдэд тавих хяналтыг сайжруулах;

2.Батлагдсан тохиолдол болон халдварын шинж тэмдэг илэрсэн иргэнд эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх, тандалт хариу арга хэмжээнд ажиллах автобусыг гарган, зохион байгуулалтыг хариуцан ажиллахыг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар (Ч.Сайханбаяр)-т даалгасугай.

3.Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг бууруулах зорилгоор мэргэжлийн байгууллагуудаас ажиллуулж байгаа тандалтын багийг төвийн 6 дүүрэгт тус бүр 8-аар нэмэгдүүлж, шаардлагатай машин, хүний нөөц, хоол унааны зардлыг шийдвэрлэхийг дээрх дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4.Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг бууруулахад чиглэгдсэн үйл ажиллагаанд дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төв, хорооны Засаг дарга, холбогдох бусад байгууллага, албан тушаалтнуудын идэвх оролцоо, ажлын уялдаа холбоог ханган, дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабыг биечлэн удирдаж, ажлын явц, үр дүнг өдөр бүр Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабт тайлагнан ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 5.“Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ыг хэрэгжүүлж халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхад анхаарч, эрх бүхий байгууллага албан тушаалтны шаардлагыг биелүүлэхийг хүн, хуулийн этгээдэд үүрэг болгосугай.

 6.Халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг баримтлан, үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосугай.

 7.Коронавируст цар тахалтай тэмцэх, халдварын тархалтыг бууруулах, Засгийн газар, Улсын Онцгой комиссоос баталсан дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах, халдвар хамгааллын дэглэм, тусгай нөхцөл шаардлагыг хэрэгжүүлэх талаар зохион байгуулж байгаа хяналт шалгалтын үйл ажиллагаанд идэвх санаачлагатай ажилласан хэсгийн ахлагч, хороо дүүрэг, мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдад урамшуулал олгох асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (Т.Оюунчимэг), дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

 8.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээний талаарх зөвлөгөө, мэдээлэл, хяналт шалгалт хийсэн ажлын үр дүн, илэрсэн зөрчил, хүлээлгэсэн хариуцлагын талаар тухай бүр олон нийтэд мэдээлж, сэрэмжлүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс (Г.Хонгорзул)-т үүрэг болгосугай.

 9.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч (Р.Чингис)-д даалгасугай

10.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/380 дугаар захирамжийн 2.1 дэх хэсгийг хүчингүй болгосугай.


                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                Д.СУМЪЯАБАЗАР