МУГЖ Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарав
Олон улсын дуурийн найм дахь удаагийн "Дуурийн од" буюу дуурийн "Оскар” шагналыг Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин хүртжээ.
Тэрбээр дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарсан бөгөөд шагналаа АНЭУ-ын Дубай хотноо 12 дугаар сарын 29-нд гардах аж. Тэрбээр өмнө нь, “Дуурийн дуучны хоолойг сопрано, меццо-сопрано, контральт, эрэгтэйг нь контртенор, тенор (цээл), баритон, басс (аргил) гэж ангилдаг. Хоолой тус бүрээс гурван хүнийг нэр дэвшүүлдэг. Энэхүү шагналд ид дуулж яваа дуурийн агуу баритон хоолойтой хоёр дуучинтай хамт нэр дэвшиж байгаа” хэмээн ярьж байсан юм.
МУГЖ Э.Амартүвшин П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуучдын уралдааны дэд байр, 2012 оны Пласидо Домингогийн нэрэмжит уралдааны Гран при, Английн BBC агентлагийн “Cardiff Singer of the World 2015” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагнал, БНСУ-ын нийслэл Сөүлд болсон олон улсын тэмцээний гуравдугаар байрын шагнал тус тус хүртэж байв.