“Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө”-г анх удаа боловсруулан Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ

2021 оны 11 сарын 19

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 19 дүгээр хуралдаан өнөөдөр  боллоо. Хурлаар “Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө”, Нийслэлийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөний биелэлт, 2022 оны төлөвлөгөөний төсөл, 2021 оны өмч хувьчлалын орлого хийгээд төлөвлөгөөний биелэлт, ирэх оны төлөвлөгөөг танилцуулан хэлэлцүүлэв.

“Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө”-г анх удаа боловсруулж байгаагаараа онцлог юм. Энэхүү төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр  орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө зэрэг дунд болон богино хугацааны бодлогын баримт бичиг,  зорилтуудад нийцүүлсэн байна. Мөн доороос дээш төлөвлөлтийн зарчмыг баримталж, нутгийн захиргааны 90 байгууллагаас 753 санал авч нэгтгэжээ. Уг төлөвлөгөө нь:

- Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого

-Хүний хөгжлийн бодлого

-Эдийн засгийн бодлого

-Засаглалын бодлого

-Ногоон хөгжлийн бодлого

-Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого

-Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах гэсэн долоон бүлэгт багтсан 22 тэргүүлэх зорилт, 522 арга хэмжээнээс бүрдэж буй юм.

“Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө”-нд тусгасан Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд Нийслэлийн шуурхай штабыг байгуулж, нутгийн захиргааны байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, бүх төрлийн бараа материалын хүрэлцээ хангамжийг сайжруулах, цар тахлын  өвчлөл, нас баралтыг бууруулж, жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих, аж  ахуйн нэгж, байгууллагуудад үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломж олгох зэрэг зорилтууд багтжээ. ЕБС-ийн сурагчдын хоцрогдлыг арилгахад дэмжлэг үзүүлж сургалт зохин байгуулахаар төлөвлөжээ.

Өнөөдөр Нийслэлийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг  НЭМГ,  түүний харьяа 29 байгууллага, 154 Өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн 2754 эмнэлэг, клиник сувилал, эмийн сангууд үзүүлж байгаа юм. Эмч сувилагчийн харьцаа алдагдаж, сувилагчийн хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлагатай байна хэмээн  тодотгож байв. Нэг эмчид  273 иргэн, нэг сувилагчид 379 иргэн ногдож байна.

Улаанбаатар хотын эдийн засгийн тусгай бүсийн эрхзүйн байдлын тухай хуулийг боловсруулж, эрх бүхий байгууллагуудад хүргэх нь бас нэгэн чухал зорилт байсан юм. Хот орчимд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, хүн амыг хүнсний хангамжийг сайжруулах цахилгаан хангамжийг нэмэгдүүлж гэр хороолол, зуслангийн бүсийн айл өрхүүдийг гэрэл цахилгаанд холбох,  нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, багтаамж ихтэй нийтийн тээврийг эхлүүлэх зэрэг зорилтуудыг багтаасан байна.  Түүнчлэн нийслэлийн хэмжээнд  10.2 км автозам барих, түгжрэлийг 15 хувиар бууруулах гэхчилэн тулгамдсан асуудлуудыг мөн багтаажээ.

Газар чөлөөлөлтийн нөхөн төлбөрт нийтдээ 286.4 тэрбум төгрөгийг нөхөн олгохоор тусгажээ

Нийслэлийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөний биелэлт, 2022 оны төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар танилцуулав.  2022 оны төлөвлөгөөний төсөлд зургаан яам, УИХ-ын дөрвөн гишүүн, нийт 941 санал ирүүлснийг судлан боловсруулжээ. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаснаар ирэх онд  газрын суурь үнэлгээнд өөрчлөлт оруулах юм. Газрын үнэлгээ бүсчлэлийг дүүргүүд  тогтоодог байсныг болиулж, нийслэл тогтоодог болж буй  бөгөөд  газрын дуудлага худалдааг үргэлжлүүлэхийн дээр дуудлага худалдаагүй өмчлүүлсэн газарт нөхөж дуудлага худалдааны төлбөр авахаар мөн заасан байна. Газар чөлөөлөлтийн нөхөн төлбөрт нийтдээ 286.4 тэрбум төгрөгийг нөхөн олгохоор тусгагдсан байна.  Энэ нь урьд өмнөх онуудын төлөгдөөгүй нөхөн төлбөртэй хамтатгасан төлбөр гэлээ. Эдийн засгаа тэлэх, дагуул хотуудыг  хөгжүүлэхтэй  холбоотойгоор зарим албан байгууллага, төрийн болон төсөвт байгууллагын хэрэгцээнд эзэмшиж буй газруудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд татах ажлыг ирэх оны төлөвлөгөөнд  тусгах нь зүйтэй гэсэн саналыг Засаг даргын зөвлөлийн гишүүн тодотгож байлаа.  

Нийслэлийн Газрын алба цахимжсаныг энэ оны онцлох үйл явдлын нэг гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тодотгоод ирэх онд газрын төлбөрийн орлогыг төвлөрүүлэх ажилд онцгойлон анхаарч, хот хөгжүүлэх санд төвлөрүүлэх хөрөнгө, мөнгийг зохих ёсоор нь авдаг, орсон орлогоо эргээд Улаанбаатар хотын газар төлөвлөлт, газар зохион байгуулалтад зориулдаг байх учиртайг санууллаа.

Ирэх онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг танилцуулав

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн гишүүд Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газраас 2021 оны өмч хувьчлалын орлого хийгээд төлөвлөгөөний биелэлт, ирэх оны төлөвлөгөөг танилцуулав.

2021 онд найман байршилд нийслэлийн өмчид бүртгэлтэй барилга байгууламжийг нээлттэй дуудлагаар худалдахаар төлөвлөсөн ч хараахан шийдэгдээгүй өнөөг хүрээд байгаа юм. Хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэх ажил хойшлогдсоны зэрэгцээ энэ онд  хэд хэдэн удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 13 нэр төрлийн үйл ажиллагаанаас бусдыг хязгаарласантай холбоотой ажээ.  Нээлттэй дуудлага худалдаа танхимд болдог байсан бөгөөд цаашид цахимаар зохион байгуулах саналыг гаргаж буй юм.

2022 онд хувьчлах өмч хөрөнгийн жагсаалтыг гаргахдаа есөн дүүрэг, харьяа байгууллагаас санал авсан байна. Ирэх онд Сонгинохайрхан дүүргийн  25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахуйн үйлчилгээний барилга, Сонгинохайрхан дүүргийн  32  дугаар хорооны Эмээлтийн түүхий эдийн захын лабораторийн барилга, “Монгол шуудан” ХК-ийн Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дахь 46 дугаар салбар, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутагт байрлах 17 дугаар салбарын барилга гэсэн дөрвөн байршилд хувьчлал явуулахаар төлөвлөгөөнд тусгажээ. Эдгээр барилгууд нь тус тусын онцлогоос шалтгаалан 77-245 сая төгрөгөөр үнэлэгдээд байгаа юм.

Өмнө нь дуудлага худалдаа зарласан ч санал ирээгүй 23 өмч, барилга байгууламж  байдаг аж. Шинэ хуулиар дүүргүүд өмчтэй, захиран зарцуулах эрхтэй болж байгаа. Төрийн өмчийг сүүлийн  30 жилийн турш хувьчилсан нь хангалттай, цаашид хувьчлах гэхээсээ илүү зөв менежмент хийж, өмчийг үнэтэй, ирээдүйтэй болгох бодлогыг тусгаад буй юм. Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн гишүүд Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газрын хувьд 2021 онд нээлттэй дуудлага худалдааг өнөөг хүртэл зохион байгуулаагүй, өмч хувьчлалын төлөвлөгөөг тасалдуулсан зэрэгт шүүмжлэлтэй хандаж байлаа.

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурал үргэлжилж байна.

ЭХ СУРВАЛЖ: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС