Япон улсын буцалтгүй тусламж ₮236.2 саяар Улсын Филармонийн концертын танхимыг засварлахаар боллоо

2022 оны 03 сарын 11

Япон Улсын Засгийн газрын “Соёлын Өвсний Үндэс” буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд Улсын Филармонийн концертын танхимыг засварлахаар боллоо. Дээрх төслийг хэрэгжүүлэх гэрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчид сайд Х.Кобаяши болон Соёлын Төв өргөөний захирал Д.Ариунбаатар нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Улсын Филармонийн концертын танхимыг засварлах төсөлд нийт 83,056 ам.доллар буюу 236,213,321 төгрөгийн дэмжлэг үзүүлэх аж.

Гарын үсэг зураг ёслолын үеэр хэлсэн үгэндээ Элчин сайд Х.Кобаяши “Японы Засгийн газар он удаан жилийн турш хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн ирсэн Соёлын төв өргөө, Улсын филармонийн Морин хуурын чуулгын хамт олныг Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны тэмдэглэлт 50 жилийн ой дээр дэмжих болсондоо туйлын их баяртай байна.

Улсын Филармони нь Соёлын төв өргөөнд байрладаг. Он удаан жилийн ашиглалтаас үүдэн тус танхимын үзэгчдийн суудал зэрэг дотор засалд эвдрэл гэмтэл, доголдол үүсээд байгаа. "Соёлын өвсний үндэс" буцалтгүй тусламжийн төслөөр концертын танхимын дотор засал хийгдэн, чанарын өндөр түвшинд өөрчлөгдөн шинэчлэгдэх бөгөөд үзэгчид илүү тав тухтай, таатай орчинд Улсын Филармони, Морин хуурын чуулгын тоглолтыг тухлан үзэх боломжтой болох юм.

Миний хувьд ч гэсэн засварын ажлын дараа зохион байгуулагдах тоглолтыг тэсэн ядан хүлээж байна” гэсэн юм.

Соёлын төв өргөөний захирал Д.Ариунбаатар “Олон арван жилийн хугацаанд найрамдалт, хамтын харилцаатай ирсэн Япон Улсын Засгийн газар болон түүний Элчин сайдын яаманд Соёлын Төв өргөө, Улсын филармонийн хамт олон болон Монголын нийт уран бүтээлчдийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье.

Япончууд хариуцлагатай, үнэнч зэрэг олон сайхан давуу талуудаараа дэлхийд танигдсан ард түмэн юм. Япон, Монголын найрамдалт хамтын ажиллагаа олон түмэн жил өргөжин тэлэхийг ерөөе” гэв.

Улсын филармонийн бага танхимын суудал, шал, дулаалга зэргийг шинэчилж, ая тухтай орчныг сайжруулах зайлшгүй шаардлага гарсан. Үүнийг Япон улсын "Өвсний үндэс" төслөөр засварлан, уран бүтээлчид ая тухтай ажлаа хийх орчныг бүрдүүлэх боломж нээгдэж байна.

Соёлын төв өргөө нь 1988 онд ЗХУ-ын буцалтгүй тусламжаар Монгол Улсад бэлэглэсэн том байгууламжуудын нэг. Харин одоо зайлшгүй гар хүрч зайлшгүй засвар үйлчилгээ явуулах шаардлагатай болсон. Өмнө нь явуулсан удаа дараа санал гаргасны дүнд тодорхой хэмжээний засварууд хийгдэж байсан юм билээ.

Тухайлбал, одоогоос хоёр жилийн өмнө нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар Соёлын төв өргөөний дээврийн шинэчлэлт хийгдсэн байдаг” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Эх сурвалж: https://ikon.mn/