Үндэсний хувцсаар гоёсон 8000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо

2022 оны 07 сарын 10

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, "Монгол костюмс" ХХК хамтран зохион байгуулж буй  “Дээлтэй монгол наадам” Сүхбаатарын талбайд үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаалаар эхэллээ. Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан 16 дахь жилдээ зохиож буй эл наадмын баярын жагсаалд нийслэлийн есөн дүүргийн иргэд төдийгүй Архангай, Баян-Өлгий, Өмнөговь, Дорнод,  Сүхбаатар аймгийн төлөөлөл зорин ирж оролцож байна. Мөн нийслэлийн харьяа алба, агентлагууд хамт олноороо баярын жагсаалд өнгө нэмлээ.  

“Дээлтэй монгол наадам”-ын хөтөлбөрт үндэсний хувцасны загварын үзүүлбэр, ардын урлагийн тоглолт, мэргэжлийн урлагийн байгууллагуудын мэндчилгээ, үзэсгэлэн худалдаа, тойрон бүжиг багтжээ. Сүхбаатарын талбайд гэр барьж, монгол ахуй, соёлыг харуулсан үзэсгэлэн дэлгэсэн байна.


“Дээлтэй монгол наадам”-д оролцогчдоос шилдгүүдийг шалгаруулна. Ингэхдээ шилдэг дүүрэг, шилдэг байгууллага, шилдэг хос, шилдэг хүүхэд, бүжгийн аяны шилдэг оролцогч, шилдэг дээл урлаач зэрэг номинациар тодруулна. Гадаад болон дотоодын шилдэг эрэгтэй, эмэгтэйг шалгаруулах ажээ. Шилдэг байгууллага, дүүргийг шалгаруулахдаа бүтээлч байдал, оролцоо, үндэсний дээл хувцсаараа илэрхийлж байгаа агууламжийг харгалзах бол иргэдийн хувьд  үндэсний хувцасны иж бүрэн байдал, хувцасны талаарх танин мэдэхүйн мэдлэг зэрэг шалгуур тавих аж.

Мөн “Дээлтэй диско” буюу орчин үеийн залуучуудын дуртай дуучид, хамтлаг, DJ нарын тоглолт болно.

2019 онд тус наадамд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Тува Улсаас иргэд ирж оролцож, 100 мянга гаруй хүн үзэж сонирхсоноос 3000 гаруй нь гадаадын жуулчид байжээ.

 НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

https://ulaanbaatar.mn/news/62...