Нийслэлийн тэргүүний өрх, тариаланчид шалгарлаа
Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, хойч үедээ үлгэр жишээ болж буй “Тэргүүний өрх гэр”-ийг НЗДТГ, НИТХ, Нийслэлийн Ахмадын хороо хамтран 27 дахь жилдээ шалгаруулж байна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Түүнчлэн Олон улсын Ахмад настны эрхийг хамгаалах өдөр, Монголын Ахмадын өдрийг тохиолдуулан “Алтан намар-ахмад тариаланч" уралдааныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй. Энэ хүрээнд шалгарсан Нийслэлийн тэргүүний тариаланч есөн ахмадыг “Алтан түрүү” өргөмжлөл, Нийслэлийн Ахмадын хорооны хүндэт тэмдгээр шагналаа.
Шагналыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням нар гардуулсан юм.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Ахмадуудаараа гоёсон, үгийг нь сонссон бахархалтай өдрүүд өнгөрч байна. Гавьяаныхаа амралтад гарсан хэдий ч хашаа хороондоо ногоо тарьж, залуучууддаа үлгэр дуурайл үзүүлж байгаа ахмадуудаараа бахархаж байна. Нийт тэргүүний өрх, ахмад буурлууддаа эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээлээ. Нийслэлийн тэргүүний өрхөөр шалгарсан А.Гомбо-Очир “Сэтгэгдэл маш өндөр байна. Ханьдаа, үр хүүхдүүддээ, бид хоёрыг дэмжиж буй бүх хүнд талархаж байгаагаа илэрхийлье. Бид гоёлын, жимсний, эмийн ургамал гэхчлэн 40 гаруй төрлийн 400 орчим ургамал, мод тарьсан. Сүүлийн үед жимс, жимсгэнэ их тарьж байна” гэлээ.
Нийслэлийн тэргүүний тариаланч ахмад Х.Намхай “Газар тариалангийн салбарт 50 жил ажиллаж, ногоо тарих, газар хагалах ажлыг улсад эхлүүлсэн. Мөн газар тариалангийн бүлэг байгууллаа. Зах зээлийн нийгэм эхлэх үед Сангийн аж ахуйд 20 жил орчим ажиллаж, тариа тарьсан. Хүүхдүүдээ дагуулаад хотод ирж, өөрийн чаддаг ажил буюу газар тариалангийн ажлаа үргэлжлүүлсэн. Хамт олон, ард түмний ачаар өдий зэрэгтэй явж байна. Өмнө нь Атарын 60 жилийн ойн медалиар шагнагдаж байлаа. Өнөөдөр харин Нийслэлийн тэргүүний тариаланч боллоо. Хүн нэг сурсан ажилдаа тууштай байх хамгийн чухал юм. Сэтгэгдэл өндөр байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Нийслэлийн тэргүүний өрхөөр
- Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны иргэн В.Ванчинням
- Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Б.Эрдэнэбат
- Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн Н.Батнасан
- Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны иргэн Г.Шаравням
- Налайх дүүргийн 6 дугаар хорооны иргэн А.Гомбо-Очир
- Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Х.Сүрэнжав
- Баянгол дүүргийн 23 дугаар хорооны иргэн Ж.Гүндсамба
- Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны иргэн Т.Энхгэрэл
- Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Ч.Гантөмөрийн гэр бүл тодорлоо.
Нийслэлийн тэргүүний тариаланч ахмадаар
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Т.Батбаатар
- Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны иргэн Ц.Банзар
- Багахангай дүүргийн иргэн Б.Соль
- Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны иргэн Ч.Нямаа
- Багануур дүүргийн иргэн В.Хашхүү
- Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэн Ш.Раднаабазар
- Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны иргэн Ч.Тангад
- Налайх дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Оюунгэрэл
- Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Х.Намхай нар шалгарсан юм.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР