ОХУ-ын Буриад улсын Хоца Намсрайевын нэрэмжит Драмын эрдмийн театр Монгол Улсад аялан тоглолт хийж байна.
Их хүрээ энтертаймент, Нийслэлийн СТӨргөөтэй хамтран ОХУ-ын Буриад Улсын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Драмын эрдмийн театрын аялан тоглолтыг "Үлей нутгийн охид" жүжгээр амжилттай эхлүүлэн тоглогдож байна. Тус театрын уран бүтээлчид аравдугаар сарын 17-20-ны өдрүүдэд Монголын хүүхдийн ордон болон Соёлын төв өргөөнд шилдэг жүжгүүдээ тоглоно. Буриадын Соёлын сайд Соёлмаа Дагаева "Буриадын театрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээр Монгол Улсад 44 жилийн дараа дахин ирж Монголын үзэгчдэдээ зориулан буриад хэлээр гурван жүжиг, орос хэлээр гурван жүжиг тус тус үзүүлэх гэж байна гэж нээлтийн үйл ажиллагаан дээр хэллээ.
Буриадын ам дамжиж ирсэн домог "Улей нутгийн охид" жүжгийг Соёлын төв өргөөний тайзнаа өнөөдөр тоглоно. "Үхэж ядсан хаан" бол абсурд төрлийн жүжиг юм. "Солонгост өнгөрүүлсэн хар өдрүүд" жүжгээр дамжуулан хүний нутагт зовлон, жаргалын талаар өгүүлнэ. Цахим орчинд хүүхдүүд хэт их автах үзэгдлийг бодитой, хөгжилтэйгөөр "Блогчин" жүжгээс үзэж болно. Эдгээр зургаан жүжгийг Буриадын жүжигчид тайзнаа тоглохоос гадна аравдугаар сарын 20-нд Буриадын театрын урын санд байдаг шилдэг жүжгүүдийн түүврийг үзэгчдэд толилуулна.