Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болгон зохиодог Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 28 дахь удаагийн уралдаан

2022 оны 10 сарын 27

Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болгон зохиодог Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 28 дахь удаагийн уралдаант наадмын гала тоглолт өнөөдөр болж, шилдгүүдээ шалгарууллаа.

Энэ удаагийн наадмыг НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Найрал дууны уран бүтээлчдийн холбоо зэрэг байгууллагууд хамтран нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойд зориулан зохион байгуулсан юм.

Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах наадам нь нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд урлаг, уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяас, чадварыг хөгжүүлэх зорилготой юм.

Хоёр үе шаттай зохион байгуулсан тус наадмын эхний шатанд есөн дүүргийн 82 сургуулийн 5000 орчим сурагч оролцон, авьяас билгээ сорьсон бол хоёрдугаар шатанд 20 сургуулийн найрал дууны баг буюу 2200 орчим сурагч тунан үлджээ. Ийнхүү хоёрдугаар шатнаас шалгарсан 15 хамтлагийн 1100 гаруй сурагч өнөөдөр найрал дууны хамтлагуудын нэгдсэн тоглолтод оролцлоо.

Цар тахлын улмаас хоёр жил завсардаад байсан Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах наадам энэ жилээс эхлэн шилжин явах цом, хүндэт далбаатай болсноороо онцлог юм. Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн баг тэргүүн байранд шалгарч, анхны шилжин явах цом, хүндэт далбааны эзэн боллоо. Мөн найрал дууны наадамд сурагчдаа удирдан зохион байгуулж, идэвхтэй, манлайлалтай оролцсон 70 удирдаач багшид Нийслэлийн Засаг дарга талархал хүргүүлсэн юм.