100 жилийн түүхт Бүгд Найрамдах Буриад улсын "өнгөрсөн-одоо-ирээдүй" гэсэн гурван үеийн шилмэл уран бүтээлчид түүх, өв соёл, ахан дүүсийн барилдлагатай Монголын үзэгчдийн мэлмийг баясгаж, сонорыг мялаахаар асуй
2023 оны 10-р сарын 19
БНБУ-ын Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба
Тодруулбал, 100 жилийн түүхт Бүгд Найрамдах Буриад улсын "өнгөрсөн-одоо-ирээдүй" гэсэн гурван үеийн шилмэл уран бүтээлчид түүх, өв соёл, ахан дүүсийн барилдлагатай Монголын үзэгчдийн мэлмийг баясгаж, сонорыг мялаахаар асуй! Энэ сургаар нийслэлийнхэн төдийгүй хөдөө орон нутгаас хүрэлцэн ирэх зочид хоног тоолон догдлон хүлээж буй сурагтай.
Буриад ардын дуу, бүжгийг орчин үеийн хэв маягтай хослуулсан контемпорари бүтээлээрээ ОХУ төдийгүй ер нь дэлхийд танигддаг болсон Бүгд Найрамдах Буриад улсын Үндэсний дуу, бүжгийн «Байкал» театрынхан Монгол үзэгчидтэйгээ уулзах бол ардын дуу, бүжгийн “Забава” чуулгын уран бүтээлчид орос, хасаг цэргийн эрсийн (казаки) бүжгэн цоморлиг болон уртын дуугаараа үзэгчидтэйгээ танилцах юм байна.
Ази-Номхон далайн бүстээ Буриадын сонгодог урлагийн нэрийн хуудас болсон 90 жилийн түүхтэй, ЗХУ-ын Ардын жүжигчин Г. Цыдынжаповын нэрэмжит Бүгд Найрамдах Буриад улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн театрын бүжигчид “Үзэсгэлэнт Ангара” /Красавица Ангара/, “Цөмөөхэй” балетын “Ягаан вальс” /Розовый вальс/ хэсгээс бүжиглэж, тус театрын дуурийн шилдэг дуучид болон симфони найрал хөгжим сонгодог урлагаар үзэгч биднийг сэтгэлийн чавхдасыг хөндөх болно. Харин М. Жапхандаевын нэрэмжит Бүгд Найрамдах Буриад Улсын циркийн жүжигчид «Дагинас» циргийн шоугаараа Соёлын Төв өргөөг доргиох нь байна шүү!
Бүгд Найрамдах Буриад улсын Тэргүүн, Засгийн газрын Тэргүүн Алексей Самбуевич Цыденов өөрийн биеэр ирж хүндэтгэл үзүүлэх энэхүү тоглолт нь Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны 63 дахь өдрүүдийн хүрээнд зохиогдож буй гүн гүнзгий утга агуулгатай, халуун дулаан уур амьсгал дүүрэн «Найрамдал» нэртэй билээ.
Энд дурдвал, ЗХУ-ын Ардын жүжигчин, алдарт сопрано Галина Шойдогбаева дуулж, ОХУ-ны Ардын жүжигчин, Монголын дуурийн дуулаачдын " загалмайлсан эх" гэж зүй ёсоор өргөмжлөгдөх Дарима Линховоин Багш концертмейстерээр ирнэ. Бүгд Найрамдах Буриад улсын Ардын жүжигчид болох Бадма-Ханда Аюшеева, Ардын жүжигчин Намхайн Мунхзул ах, Ардын жүжигчин Лия Балданова, Ардын жүжигчин Булыт Раднаев, Гавьяат жүжигчин Чингис Раднаев, Гавьяат жүжигчин Мэдэгма Доржиева, ОХУ-ын Гавьяат жүжигчин Билигма Ринчинова, бидний мэдэх дуучид Самбуугийн Батчимэг, Жамсо Бамбагаев болон Орчин үеийн бүжгийн «Харах мэлмийн өнцөг» театр, Ардын дуу, бүжгийн «Наадгай» театр, Буриадын Улсын циркийн сургуулийн уран бүтээлчид гээд нийт 170 гаруй уран бүтээлч нийслэл Улаанбаатарт энэ амралтын өдрүүдэд ирнэ.
Ташрамд, Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд энэ үеэр Монгол-Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын ээлжит хуралдаан болно.
Гайхамшигтай тоглолтоороо Буриадын жүжигчид эхлэн Төв аймгийн Зуунмод хотынхонтой мэндчилнэ гэнэ шүү! Учир нь тэд Төв аймгийн ЗДТГ-ын даргын урилгаар аравдугаар сарын 22-нд болох “Монгол Туургатан” театрын уран бүтээлийн намрын улирлын нээлтийн арга хэмжээнд оролцох юм байна.