ЭРҮҮЛ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ
ЭРҮҮЛ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ
Хавсралт:
2022 оны 04 сарын 26-ны өдөр Дугаар А/572 Улаанбаатар хот
Эрүүл орчин бүрдүүлэх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсэг, Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 24/17 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн, хуулийн этгээдэд барилгын зөвшөөрөл олгохдоо Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаас бусад объектуудыг хашаагүйгээр төлөвлөн Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг баталж ажиллахыг Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдоржид даалгасугай.
2.Барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулахдаа Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаас бусад объектуудыг хашаагүйгээр байнгын ашиглалтад хүлээн авах, шаардлагатай тохиолдолд зөвхөн уг журмын 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан ургамлан хашаа, хайсыг тарьж ургуулахыг дэмжиж ажиллахыг Нийслэлийн Хотын стандарт, хяналтын газар (С.Төмөрдулам)-т үүрэг болгосугай.
3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагвад даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАР