ХҮҮХДИЙГ ЗАМ, ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТӨХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
ХҮҮХДИЙГ ЗАМ, ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТӨХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Хавсралт:
2023 оны 10 сарын 04-ний өдөр Дугаар А/1196 Улаанбаатар хот
Хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс
урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх
зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 28.1.3, 28.1.5 дахь заалт, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь заалт, Хууль тогтоомжийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал, хэвшлийг бий болгох зорилгоор “Шар дарцаг” аяныг 30 хоногийн хугацаатай зарласугай.
2.Гэрлэн дохиогүй гарцаар шар дарцаг ашиглан гарах, ашиглах зааврын дагуу хэрэглэж, хэвшүүлэх ажлыг суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагч нарын дэмжлэг, оролцоотойгоор хэрэгжүүлэхийг Нийслэлийн Боловсролын газар (Б.Амартүвшин) болон ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт тус тус үүрэг болгосугай.
3.“Шар дарцаг” аяны хүрээнд замын хөдөлгөөнд оролцогчдын соёлыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах ажлыг зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нар болон нийслэлийн Цагдаагийн удирдах газар (О.Ганбат), Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (С.Баасанжав)-т тус тус үүрэг болгосугай.
4.Хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар идэвх санаачилга гарган, шар дарцаг хэрэглэх дадал хэвшлийг бий болгох, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгтэй хамтран ажиллахыг нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалсугай.
5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөөд, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс (Ж.Бямбадулам)-т, уг аяныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчилж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс (Г.Хонгорзул)-т тус тус даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАР