ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2023 оны 12 сарын 20

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


 Хавсралт:

2023 оны 12 сарын 17-ны өдөр                             Дугаар А/1429                                Улаанбаатар хот

 

 

 

 

 

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах

талаар авах зарим арга хэмжээний тухай

 

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.12 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.11 дэх заалт, 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэг, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5.10 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосугай:

 

1.1.Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1037 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам”-ын 2.2-т заасны дагуу улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо (1,3,5,7,9)-оор төгссөн тээврийн хэрэгслийг Даваа, Лхагва, Баасан гарагт, тэгш тоо (0,2,4,6,8)-оор төгссөн тээврийн хэрэгслийг Мягмар, Пүрэв, Бямба гарагт тус тус 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Нийслэлийн цагдаагийн удирдах газар (О.Ганбат), “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ (Ч.Хувьзаяа)-т;

 

1.2.энэ захирамжийн 1.1-д заасан арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1037 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам”-ын 2.3-т зааснаас гадна зохих зөвшөөрөл, тоноглол бүхий бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалт, оршуулга, авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар, үйлчилгээ, дипломат байгууллага болон гадаад улсын зочин, төлөөлөгчид үйлчлэх, нийтийн тээвэр, стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдыг тээвэрлэх үйл ажиллагаанд ашиглах болон таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгслийг хамааруулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Тээврийн цагдаагийн алба (Ц.Ариунболд), “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ (Ч.Хувьзаяа)-т;

 

1.3.энэ захирамжийн 1.1-д заасан арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1037 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан “Тээврийн хэрэгслийн улсын дугаараар ялгаж, замын хөдөлгөөнд оролцуулах цаг, бүсчлэл”-ийн 2-т зааснаас гадна Таван шарын уулзвар, Их Монгол Улсын гудамж И-Март дэлгүүрийн уулзвар, Дунд голын гудамж, Махатма Гандигийн гудамжнаас дотогш замын хөдөлгөөнд авч хэрэгжүүлэхийг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (С.Баасанжав)-т;

 

1.4.Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1037 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан “Тээврийн хэрэгслийн улсын дугаараар ялгаж замын хөдөлгөөнд оролцуулах цаг, бүсчлэл”-д хамаарах автозамын дагуу тэмдэг, тэмдэглэгээг стандарт шаардлагын дагуу сайжруулахыг Тээврийн цагдаагийн алба (Ц.Ариунболд), Нийслэлийн замын хөгжлийн газар (Г.Баярсайхан)-т;

 

1.5.нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээ, чиглэлийг шинэчлэн тогтоож, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Нийслэлийн Нийтийн тээврийн газар (Д.Отгонжаргал)-т;

 

1.6.замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчилж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс (Н.Сугар)-т.

 

2.Энэ захирамж гарсантай холбогдуулан Цагдаагийн байгууллагаас ажиллах албан хаагчдын хоол, шатахууны нэмэлт зардлыг төсвийн холбогдох зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (Л.Хосбаяр)-т зөвшөөрсүгэй.

 

3.Замын хөдөлгөөний ачаалалд байнгын хяналт тавьж, энэ захирамжийн 1.1-д заасан арга хэмжээг цуцлах эсэх асуудлаар санал танилцуулж ажиллахыг “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ (Ч.Хувьзаяа)-т үүрэг болгосугай.

 

4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригт даалгасугай.

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                                      Х.НЯМБААТАР