ЭЛЕКТРОН ТАМХИ ХУДАЛДАН АВАГЧДАД НАСНЫ ХЯЗГААР ТОГТООХ ТУХАЙ
ЭЛЕКТРОН ТАМХИ ХУДАЛДАН АВАГЧДАД НАСНЫ ХЯЗГААР ТОГТООХ ТУХАЙ
Хавсралт:
2023 оны 12 сарын 22-ны өдөр Дугаар А/1467 Улаанбаатар хот
Электрон тамхи худалдан авагчдад насны хязгаар тогтоох тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, 16.4.2 дахь заалт, 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Монгол Улсад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар өсвөр насны хүүхдийн тархины хөгжилд электрон тамхи буюу электрон никотин дамжуулах системийн хэрэглээ нь урт хугацаанд сөргөөр нөлөөлж, сэтгэл түгших эмгэг, оюуны хомсдол, никотины донтолт, уушги цоорох эмгэг зэргийг үүсгэж эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөө үзүүлж байгааг тогтоосонтой холбоотойгоор нийслэлийн өсвөр насны хүүхдийн электрон тамхины хэрэглээг бууруулах, эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглосугай.
2.Өсвөр насны хүүхдийн электрон тамхины хэрэглээг багасгах, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний талаар олон талт арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар (П.Эрхэмбулган)-т, Нийслэлийн Боловсролын газар (Б.Амартүвшин)-т, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (Ө.Ган-Өлзий)-т, худалдан борлуулахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (М.Баяраа)-нд, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар (Х.Эрдэнэбилэг)-т, хэвлэл мэдээллийн хэрэгслээр электрон тамхины өсвөр насны хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөөний талаар олон нийтэд сурталчилж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс (Н.Сугар)-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч (О.Номинчимэг)-д даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Х.НЯМБААТАР