НЭГЭН ЗУНЫ ЦЭЦЭГ ДАХИН ТАЙЗНАА

2024 оны 02 сарын 14

Хүн гээч мөнгөний боол үнэнээс урвагч худлын гэрч хэмээн өгүүлэх Дархшагай. Тэрбээр өөр өөртөө ч итгэхгүй, худал хуурмаг энэ амьдралд үхэхийг хүснэ. Гэвч үхэл хүртэл үнэнд тооцогдохоо больчихсон гэдгийг түүний дагавар ах Ивээлт нотолно.

Тэд хоёул тэрбумтаны хүүхдүүд. Амьдралыг өндөр барилгын цонхоор тольдож, өнгө мөнгөөр бүхнийг шийдэж ирсэн хүмүүс. Энэ айл таван хүүхэдтэй. Тэдний хоёр нь эхийнх нь дагавар хүүхдүүд, гурав нь эцэг нэгтэй, эх ондоотой. Айлын хоёр том нь Ивээлт, Дархшагай. Эв түнжин муутай, байнга хоорондоо тэрсэлдэнэ. Дархшагай хүчирхийлэгч, хар тамхинд донтогч бас гэмт хэрэгтэн. Харин Ивээлт сайхан сэтгэлтэй, хүнд өвчтэй, амьдралаас гэрэл гэгээ хайгч нэгэн. Хэдий хоёр өөр ертөнц хэдий ч хоёул энэ нийгмээс, амьдралаас үнэнийг хайх аж...