Хууль журмын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай
2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дугаар:А/469 Улаанбаатар хот
Хууль, журмын хэрэгжилтийг хангуулах
талаар авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай xyyлийн 24 дүгээр зүйлийн 24.1.15, 24.1.19 дэх заалт, 66 дyraap зүйлийн 66.1 дэх хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.7, 8.3.3 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалт, 23 дугаар зүйлийн 23.3.5 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, 9.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2, 22.1.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 25 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, авто замын түгжрэлийг бууруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор хууль, журам зөрчсөн, стандартын бус хашаа, хайс барьсан газруудын зөрчлийг арилгах, газар чөлөөлөх байршлыг 1 дүгээр, Хотын стандартын UCS1410B:2022 Хашаа, хайс хашлаганд тавих ерөнхий шаардлагад нийцүүлэх хашаа, хайс, хашлаганы жагсаалтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосугай.
2.1.нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулсан, холбогдох хууль, журам зөрчиж, хашаа, хайс барьсан аж ахуй нэгж, байгууллагуудад хуулийн дагуу мэдэгдэл хүргүүлж, орчны аюулгүй байдлыг хангуулах, зөрчил арилгах, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (Г.Мөнхбаатар)-нд, уг ажилд дэмжлэг үзүүлж, хяналт шалгалт хийн, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Хотын стандарт, хяналтын газар /С.Төмөрдулам/-т тус тус;
2.2.газар чөлөөлөх ажилд дэмжлэг үзүүлж, хэв журам сахиулж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар (О.Ганбат)-т;
2.3.зөрчил арилгасан байршлуудад шаардлагатай тохиолдолд тохижилтын зураг төсөл боловсруулж батлуулан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар (Г.Батзориг)-т, тохижилтын ажлыг стандарт, шаардлагад нийцүүлэн зохион байгуулах, хашаа буулгалтын улмаас гарсан хог хаягдлыг хогийн цэг рүү тээвэрлэх хэвийн нөхцөл байдлаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (Ц.Төрхүү)-нд ;
2.4.газрын зөрчил арилгах, стандарт мөрдүүлэх арга хэмжээг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хариуцан зохион байгуулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлж, шаардагдах зардлыг тухай бүр нь шийдвэрлэн, чөлөөлөгдсөн нийтийн эдэлбэрийн газрын хамгаалалт, арчилгааг хариуцаж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт.
3.Энэ захирамжид заасан арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах (зардлыг) нийслэлийн 2024 оны төсөвт тусгасан “Газрын хянан баталгаажуулах зардал”-аас гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Б.Энхжин)-т зөвшөөрсүгэй.
4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган, явц, үр дүнг улирал тутамд танилцуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригт үүрэг болгосугай.
5.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Хууль, журмын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/394 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Х.НЯМБААТАР