Улаанбаатар хотын анхны дагуул хот болох Шинэ Зуунмод хотыг түшиглэн дата төв байгуулна
Ирэх жилүүдэд Улаанбаатар хотод хийх томоохон бүтээн байгуулалтын нэг бол шинэ төв цэнгэлдэх хүрээлэн болон дата төв юм. Эдгээр төслийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “UB Opportunity” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын дэд бүтэц, эрчим хүч, санхүү хөрөнгө оруулалтын салбар болон төрийн байгууллагын нийт 204 байгууллагын төлөөлөлд танилцууллаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрээр 30-35 мянган хүний суудалтай болгохоор төлөвлөж буй. Тодруулбал, нээгдэж хаагддаг автомат болон битүү дээвэртэй, олон улсын урлаг, спорт, наадмын арга хэмжээг жилийн аль ч улиралд зохион байгуулах боломжтой болгох юм. Уг төслийн техник эдийн засгийн урьдчилсан судалгааг энэ сард хийж дуусах талаар хэлж байв.
Түүнчлэн хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хот өвөлдөө -40 хэм хүртэл хүйтэрдэг. Өөрөөр хэлбэл жилийн 196 хоногт -15 хэмтэй байдаг дэлхийн цөөн орнуудын нэг. Тэр ч утгаараа манай оронд дата төв байгуулах нь хамгийн тохиромжтой буюу ашиглалтын зардаг багатай байх юм. Энэ хүрээнд Улаанбаатар хотын анхны дагуул хот болох Шинэ Зуунмод хотыг түшиглэн гурван га талбайд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дата төв байгуулна” хэмээв.
Манай улстай адил төстэй цаг ууртай улс оронд энэ төрлийн төслүүдийг хэрэгжүүлж байсан туршлагатай БНХАУ-ын хөрөнгө оруулагчид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, төслийн хүрээнд дахин уулзалт зохион байгуулах хүсэлтээ илэрхийллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС