“SciCon-2025” гурав дахь жилдээ амжилттай зохиогдлоо

2025 оны 04 сарын 21
“SciCon-2025” гурав дахь жилдээ амжилттай зохиогдлоо

Монголын шинжлэх ухааны салбарын томоохон цугларалт болох “SciCon-2025” арга хэмжээ Нийслэлийн Соёлын төв Өргөөнд боллоо.

Эрдэмтдийн эрдэм мэдлэгээ түгээх орон зай, тархи цэнэглэх танин мэдэхүйн их урсгал, сонирхогч болон судлаачдын танилцаж харилцах гүүр болсон “SciCon-2025” гурав дахь жилдээ амжилттай зохиогдсоноор хүүхэд залуус амралтын нэгэн өдрийг үр дүнтэй өнгөрүүлсэн юм. 

Энэ жилийн үндсэн сэдэв нь “Квантын эрин” бөгөөд энэ хүрээнд хөтөлбөрөө тун сонирхолтой боловсруулжээ. “Квант компьютер, хиймэл оюун хамтарвал яах вэ?”, "Харанхуй энерги гэж юу вэ?", “Бид нэг атом дотор оршдог байж болох уу?”, “Удамшлыг хянаж, амьдралыг хакдах нь”, “Атомыг сонсохуй” зэрэг сонирхолтой сэдвээр дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид сонирхолтой илтгэл өрнүүлсэн. Үндсэн тайзаас гадна нэмэлт тайзуудыг засч тусгай хөтөлбөр бүхий үйл ажиллагааг өрнүүлэн, чөлөөт ярилцлага хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. Үүнээс гадна шинжлэх ухааны шинэ нээлт бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг тус арга хэмжээний хамтрагч байгууллагууд дэлгэн  харуулж, үйл ажиллагаагаа сурталчиллаа.