НИЙСЛЭЛИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРООНЫ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО
Нийслэлийн Монгол Ардын намын хорооны 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээ "Хөгжлийн зуун-шинэ Улаанбаатар" нэртэйгээр Нийслэлийн Соёлын төв Өргөөнд зохион байгуулагдлаа. Тэртээ 1925 оны 4-р сарын 27-ны өдөр Хотын намын хорооны анхдугаар бүгд хурлаас “Намын Улаанбаатар хотын хороо”-г байгуулснаас хойш 100 жилийг ардаа үджээ. Анх 5 үүрийн харьяанд 421 гишүүнтэй байсан бол одоо 672 үүрийн 78 мянга гаруй гишүүнийг эгнээндээ оруулан, өргөжжээ.
Улс орны хөгжлийн түүхийг бичилцсэн бүтэн 100 жилийн түүхэнд нийслэл хотын өөрчлөлт шинэчлэлт, хүн ардын өсөн нэмэгдэх хэрэгцээнд хэрхэн нийцэх боломжтойг харуулж чадсан. Нийслэлийн намын хорооны нэгэн зууны түүх бол ээдрээт замнал, их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн түүх бөгөөд улсын нийслэлээ өнөөдрийн хөгжилд хөтөлж ирсэн Улаанбаатар хотын зуун жилийн түүх юм гэдгийг Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар онцолж байлаа.
Баярын хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож намын гишүүд дэмжигчиддээ хандан үг хэлсэн. Төгсгөлд нь "Морин хуурын чуулга”, “Үндэсний урлагийн их театр”, “Улаанбаатар чуулга” болон “Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга”-ын уран бүтээлчид урлагийн тоглолтоо үзүүллээ