НИЙСЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
НИЙСЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Ахмадын баярыг тохиолдуулан Нийслэлийн Соёлын төв Өргөөний хамт олон байгууллагынхаа ахмад ажилтнуудаа хүлээн авч, тэдний хөдөлмөр зүтгэлд талархал илэрхийлэн хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү арга хэмжээний үеэр ахмад настнуудтай хамт агаар салхинд гарч, хамт олны уур амьсгалыг сэргээсэн халуун дотно уулзалт зохион байгуулав. Мөн хамт олноороо байгаль орчноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж мод тарих аянд нэгдсэн нь тус арга хэмжээг илүү утга учиртай болголоо


“Нийслэлийн Соёлын төв Өргөө” ОНӨААТҮГ-ын захирал Л.Ариунтуяа ахмадууддаа хандан: “Бидний өнөөдрийн байр суурь болоод соёлын үйлчилгээний салбарын хөгжлийг урагшлуулж, үнэт өвийг бүтээж ирсэн хүмүүс бол эрхэм та бүхэн юм. Ахмад үеийнхний маань туршлага, итгэл найдвар бидэнд үнэтэй сургамж, урам зориг өгч байдаг. Та нарынхаа хүч, оюунд үргэлж талархаж явах болно” гэдгийг онцлон хэлсэн юм.
Харин тус байгууллагад халуун залуу нас, хүч хөдөлмөрөө зориулан ажилласан хүмүүсийнхээ төлөөлөл болж, Ерөнхий нягтлан бодогч асан М.Ариунаа: “Нэгэн цагт мөр зэрэгцэн ажиллаж байсан нөхдөө харах, уулзах нь үнэхээр сайхан байна. Үүдээр нь орж ирэхэд л хайр цацардаг Өргөө маань улам сайхан болсоор. Шинэ сайхныг санаачлан хийж, байгууллагын маань нэр сайнаар гарах болгонд баярладаг даа” гэж ярьлаа.
Тус арга хэмжээ нь Нийслэлийн Соёлын төв Өргөөний хамт олны үе үеийн уялдаа холбоог бэхжүүлэх, ахмад үеэ хүндэтгэх, ёс уламжлалаа хадгалах зорилготой жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг үйл ажиллагааны нэг юм.







