МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЭНХИЙГ САХИУЛАГЧДАД ТӨРИЙН ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

2025 оны 10 сарын 08

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЭНХИЙГ САХИУЛАГЧДАД ТӨРИЙН ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн амжилттай ажилласан энхийг сахиулагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа Нийслэлийн Соёлын төв Өргөөнд боллоо.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, даян дэлхийн энх амгалан, аюулгүй байдлын төлөө эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.


“Монгол цэрэг” хэмээх нэрийг дуурсгаж яваа мянга мянган энхийг сахиулагч дайчдын гавьяа зүтгэл нь Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулж байгааг энэ үеэр төрийн тэргүүн онцоллоо.

Манай улс 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад анхны хоёр цэргийн ажиглагчаа илгээсэн бөгөөд өнөөг хүртэл давхардсан тоогоор 22 мянга гаруй цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ.