Фитнес төв, бассейн, саун гэх мэт газруудын ажиллагааг зогсоох шийдвэр дөрөвдүгээр сарын 30-н хүртэл үргэлжилнэ
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдрөөс эхлэн долоо хоног бүр цахимаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулж байхаар боллоо.
Иргэдийн хайхрамжгүй байдал, хөл хорионы заавар зөвлөгөөг дагаж, мөрдөөгүйгээс дэлхийн хотуудад өвчлөл эрс нэмэгдэж байна гэж үзэж байгаа тул иргэд цаашид назгайрч, анхаарлаа сулруулж болохгүй, дэглэмээ үргэлжлүүлэн хатуу сахих шаардлагатайг хотын дарга мэдээллийнхээ эхэнд онцгойлон анхаарууллаа.
Нийслэлийн хэмжээнд 8,000 гаруй цагдаа, 2,445 олон нийтийн цагдаа, 1,992 эргүүлийн ажилтан болон нэмэлтээр 3,824 хүн өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед ажиллаж байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг
- 4,350 баар, ресторан
- 2,044 цахим тоглоомын газар
- 240 амралтын газар
- 361 үзвэр, үйлчилгээ
- 365 биеийн тамир, спорт
- 299 жолооны курс
- хүүхдийн тоглоомын 102 байгууллага байгаа бүгдэд нь мэдээлэл хүргүүлж, зөвлөмж зөвлөгөө өгчээ.
Мөн орон гэргүй 382 иргэнээс 144-ийг нь гэрт нь буцааж, үлдсэн хүмүүсийг нийгмийн хамгааллын тусгай төвд байлган, өвчнөөс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ тохирсон хөдөлмөр эрхлүүлж байгаа аж.
Халдвар тархалт улс орнуудад буурахгүй байгаа бөгөөд Азийн орнуудад дахин дэгдэх өндөр эрсдэлтэй тул Монгол Улс хоёр дахь давлагаанд бэлэн байх үүднээс өмнөх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь.
Тиймээс амралт, зугаалгын газар, фитнес төв, бассейн, саун гэх мэт газруудыг хэсэгчлэн нээх боломжийг судалж байсан ч үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрээ дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгахаар шийдсэн байна.
Цаг агаар дулаарч, орчны бохирдол нэмэгдэхээс гадна зэрлэг ан амьтан, нүүдлийн шувуудаар дамжин халдвар гарах эрсдэлтэй тул хүүхдүүдээ гадуур явуулахгүй, анхаарал сэрэмжээ сулруулахгүй байх шаардлагатай гэв.