Улаанбаатар хотын соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын цахим форум зохион байгуулагдлаа.

2020 оны 09 сарын 29

Соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын өнөөгийн байдал, нийгэм эдийн засагт гүйцэтгэх үүрэг, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлого, төлөвлөлтийн талаар хэлэлцсэн цахим форум “Улаанбаатар хотын соёл үйлдвэрлэл- түншлэл”, “Улаанбаатар хотын соёлын аялал жуулчлал-түншлэл”, “CREATE 2030” хэсгүүдтэйгээр өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Форумын нээлтэд Соёлын сайд С.Чулуун оролцож мэндчилгээ дэвшүүлэн, үг хэллээ. Тэрээр "Соёлын бүтээлч үйлдвэрлэл улс орны төдийгүй дэлхийн эдийн засгийн тогтолцооны зайлшгүй чухал хэсэг бөгөөд ЮНЕСКО нь "Соёлын бүтээлч үйлдвэрлэл нь оюуны капиталыг анхдагч орц болгон ашиглан оюуны өмч, зохиогчийн эрхээр хамгаалагдсан хувь хүний авьяас, ур чадварыг баялаг, хөдөлмөр эрхлэлт болгон хөгжүүлдэг гэж тодорхойлсон байдаг. Манай улсын хувьд соёлын үйлдвэрлэлийн нийгэм, эдийн засагт гүйцэтгэж байгаа үүргийг тэр болгон бүрэн үнэлж чадахгүй байсаар ирсэн юм.
Соёлын яамны үйл ажиллагааны стратегид соёлын бүтээлч үйлдвэрлэл нь мэдлэгийн эдийн засгийн тэргүүлэх салбар хэмээн үзэж, үндэсний иновацийн тогтолцооны хүрээнд дэмжин хөгжүүлэх зорилт дэвшүүлээд байна. Соёлын яамнаас соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтэц байгуулах, статистикийн хүрээнд тулгуурласан мэдээллийн санг хөгжүүлэх, соёл урлагт хувийн хэвшлийн санхүүжилт, хөрөнгө оруулалт хийх санаачлалыг дэмжих хөшүүрэг, арга механизм бий болгох, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг олон талт ажлыг нэгтгэсэн Соёлын бүтээлч үйлдвэрлэл үндэсний хөтөлбөрийг шинээр боловсруулан батлуулж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна" гэлээ.

Форумын зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар ажилласан бөгөөд хамтран зохион байгуулагч, дэмжигч байгууллагаар Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын соёлын аялал жуулчлалын холбоо, Бүтээлч үйлдвэрлэл, инновацын төв зэрэг байгууллагууд оролцов.