Соёлыг түгээцгээе 20. Кинотеатрт биднийг юу бухимдуулдаг вэ?
Алжаал, ядаргаагаа тайлах, анд найз, гэр бүлийнхэнтэй цагийг зугаатай өнгөрүүлэхээр кино, жүжиг, дуурь юу ч юм үзэж суутал хэн нэгний утасны хонх чанга гэгч нь “орилох” тэр мөчийг үгээр хэлэхийн аргагүй.
Утас нь дуугарсан “эрхэм” дуудлагыг таслалгүй “Ярих боломжгүй байна. Дараа ярья” гэхэд таны уур бухимдал, гомдол, цөхрөл нэгэн зэрэг хөдөлж, хүүхэлдэйн кинон дээр гардаг уурын яндан шиг л болдог биз дээ?
Энэ мэтчилэн өнөөх амрах, сэтгэлийн таашаал эдлэх сайхан цаг хугацаа хэн нэгний бүдүүлэг, соёлгүй байдлаас болж нуран унах нь бий. Ингээд л уур хүрсэн тэр хэсэг цаг мөч, түүний дараах хэсэг хором ч утгагүй болдог гэдэгтэй та санал нийлэх байх. Тэгвэл бид энэ удаагийн хичээлээрээ кинотеатрт хэрхэн бусдад саад болохгүй байх талаар мэдээллийг хүргэж байна.
Театрт хүмүүсийг тавгүй болгодог хамгийн эхний зүйл бол ЦАГААСАА ХОЦРОХ. Яг сайхан тухлаад суучихсан, кино эхэлчихсэн байхад гэрэл тусгаад л орж ирнэ дээ. Тэгээд уучлаарай ч байхгүй бүр дээр нь яг нүүрэн дээр бөгсөө “наачихна” гээч. Хэрэв та кино үзэхээр шийдсэн бол аль болох цагаасаа хоцрохгүй байхыг хичээх хэрэгтэй. Яалт ч үгүй хоцорсон бол уучлалт гуйгаад, хүмүүсийн хажуугаар зөрөхдөө нүүрээ хүн рүү нь харуулж зөрөхийг хичээгээрэй.
ХҮҮХЭД ХАРАХ ХҮНГҮЙ БОЛ КИНО ҮЗЭХ ШААРДЛАГАГҮЙ. Ингэж хэлэхэд хатуудахгүй болов уу. Кино театрт тасалбар болон танилцуулга дээр хэдэн наснаас дээш хүн үзэх боломжтой талаар мэдээлэл байдаг. Гэвч зарим хүн том хүний кинон дээр бага насны хүүхэдтэйгээ орох, аймшгийн, адал явдалт гэх мэт дуу чимээ ихтэй кинонд нярай хүүхдээ дагуулан ирэх нь бий. Нялх хүүхэд нь дуу чимээнд дэрхийн цочиж уйлахтай та ч бас таарсан биз ээ. Энэ мэтчилэн асуудлаас болж нэг танхимд үзвэр үзэж буй хүмүүст тухгүй байдал үүсдэг гэдгийг анхаарахад илүүдэхгүй.
Дараагийн зүйл кинотеатрт орж ирсэн л бол УТАСНЫХАА ДУУГ ХААГААРАЙ. Дээр дурдсанчлан гэнэт л элдэв янзын утасны хонх “чарлаж”, аваад хэлж байгаа үг нь “Завгүй байна дараа ярья”. Хэрэв та утсаар ярих боломжгүй бол таслаад автоматаар хариу илгээх шийдлийг ухаалаг утас хэдийнэ олгочихсон шүү дээ.
Кинотеатрт бас нэг зүйл үнэхээр тавгүй байдлыг бий болгодог. Энэ нь СУУДЛЫН АРААС ӨШИГЛӨХ. Зай багатайн улмаас ийм зүйл тохиолдоод байна уу эсвэл өөр шалтгаан байна уу гэдгийг мэдэхгүй. Ямартай ч таны өмнө хүн сууж байгаа гэдгийг санаад аль болох хөлөөрөө урд талынхаа суудалд хүрэхгүй байхыг хичээгээрэй.
Төгсгөлд нь ХОГ. Кино дууслаа та уусан ундааны сав, идсэн корныхоо хайрцгийг суудлынхаа дор “мартчихсан” юм биш биз. Мэдээж дараагийн үзвэрээс өмнө цэвэрлэгээ хийх нь ойлгомжтой хэдий ч та өөрийнхөө тарьсан хогийг аваад гарах хаалганы дэргэдэх хогийн саванд хийчихвэл бусдад үнэхээр сайхан санагдахаас гадна танд ч сайхан сэтгэгдэл үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Үзвэр дууссаны дараа гэрэл асахтай зэрэгцээд л чихцэлдчихнэ. Түүний дараа танхим дүүрэн хог үлдэж байгааг харах ямар “сэтгэл өвтгөсөн” хэрэг гэдгийг хэлэхэд илүүдэхгүй болов уу.
За тэгээд амралтын өдрүүд ч хаяанд ирлээ. Кино үзэхээр шийдсэн бол бидний бэлтгэсэн бяцхан хичээлийг санахад илүүдэхгүй биз ээ.
Хотын хүн танд амжилт хүсье.
Эх сурвалж: gogo.mn