Соёлын түгээцгээе 23. Харилцаанаас харилцаа үүсдэг

2020 оны 09 сарын 07

Аливаад хүлээцтэй хандах нь нийгэмд сайн нөлөөтэй. Гэвч хамгийн гол нь танд эерэг нөлөөтэй. Учир нь та хүлээцтэй хандсанаар уурлаж бухимдахгүй тул эрүүл мэндээрээ хохирохгүй, бусдын хувьд хүндэтгэл хүлээсэн нэгэн болно.


Хүлээцтэй хандахын тулд бүх зүйл учир шалтгаантай гэдгийг эхлээд бодож байгаарай. Юу юугүй хараал хэлэн, дуугаа өндөрсгөхөөсөө өмнө “яагаад ийм зүйл хийх болов” гэдгийг бага ч болов тунгаан бодоорой.

Харилцаанаас харилцаа үүсдэг. Та ямар хандлагатай, дууны өнгө чинь ямар байсан зэрэг олон зүйлээс харилцаа үүсэх хэлбэр янз бүр.

Зөвхөн дууны өнгөнөөс зөрчилдөөний талаас илүү хувь нь үүсдэг гэвэл та итгэх үү. Жишээгээр тайлбарлая.

-Хөөш чи зам таглаад зогсчихсон байна мангар юм уу, холдооч.

Ингэж танд хэлвэл та “өө уучлаарай, нээрээ тийм байна” гэж эелдгээр хариулах уу? Үгүй л болов уу. Харин:

-Уучлаарай, өөрөө зам таглаад зогссон байх шиг байна. Замаа чөлөөлөөд өгөх боломж байна уу? Гэж хэлвэл та эелдэг хариулт хүлээн авах болно. Нэгэндээ шаардлага тавихдаа ч соёлтойгоор, эелдгээр хандаж чадвал эерэг хариу үйлдэл хүлээн авах болно.

Зөвхөн хосуудын харилцаан дээр гэхэд харилцан буулт хийж чаддаггүй хосууд л амархан салдаг байна. Нэгнийгээ уучилж, өнгөрөөж, буулт хийнэ гэдэг нь уруудан доройтож, ялагдан сүйрч байна гэсэн үг огтоос биш.

Уурлавал хэн ч уурлана. Энэ хорвоо дээр зөвхөн танд уур заяасан юм биш. Хүн бүхэн уурлаж болох ч уураа дарж, өөрийгөө хянаж сурсан ухаалаг хүмүүс байдаг. Харин хоромхон зуурын уур бухимдал эргээд таныг ичгэвтэр байдалд оруулах нь элбэг. Тэр үед та “хэдхэн минут л тэссэн бол ийм байдалд хүрэхгүй байж шүү дээ” гэж гэмшин бодох нь.

Зарим тохиолдолд та хэчнээн хүлээцтэй байсан ч нөгөө талаас “үл бууж өгөх” хандлага байдаг. Энэ үед та “зөрчлөөс зайлсхийх” буюу нөхцөл байдлыг орхин явах аргыг хэрэглэх нь илүү үр дүнтэй.

Хотын хүн танд амжилт хүсье.

Эх сурвалж: gogo.mn