Соёлыг түгээцгээе 25. Урдуур дайрахыг овсгоо гэж бүү эндүүр

2020 оны 09 сарын 21

"ГАНЦХАН ЮМ АСУУНА" ГЭЧИХЭЭД...

Хэдэн жилийн өмнө эрүүл мэндийнхээ даатгалын үр шимийг хүртчих санаатай дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр дугаарлаж суув. Нэлээн ч хүнтэй байсан. Тэр үед дөнгөж л цахим картыг ашиглах тухай яриа гарч байсан үе. Одоогийнх шиг үзүүлэх цаг, нэр эмчийн хаалганы хажуугийн дэлгэц дээр гарч эсвэл сувилагч нэрийг тань дууддаг байсангүй.


Хүмүүс ч орж гараад л, цаг гаруй дугаарлаж зогсов. Гэтэл нэгэн эмэгтэй “Би ганцхан юм асуугаад л болоо” гэж ороод бараг бүтэн биеийн үзлэгт ороод гарсан даа. Тэр цагаас хойш “ганцхан юм асуух” хүсэлтэд үгүй гэж хариулдаг болсон юм.

Иймэрхүү явдал улсын байгууллагатай холбоотой үйлчилгээ авах үед нэлээн тохиолдоно. Харьцангуй ихэнх нь дугаар авдаг болсон ч хараахан нэвтрээгүй газрууд их бий. Тийм тохиолдолд “нэг юм асуух” гээд нэлээн ажлаа бүтээчихээд гардаг хүмүүс мэр сэр бий.

Угаас манайхан дугаарлаж сураагүй ард түмэн гээд хэлчихэд буруудахгүй. Дугаар дайрч, нэг хүний өмнө орж байвал түүнийгээ овсгоо самбаатай гээд ойлгочихсон хүмүүс их. Дугаарлах гэдэг нь нэг нэгнийхээ араас шилийг нь харж зогсоод ээлж дараатайгаар үйлчлүүлэхийг хэлдэг бол манайд дахин нэг эгнээ үүсгээд хэн нь түрүүлж орохоо үзэх “уралдаан” гээд тодорхойлж болж байгаа юм.

"УРДУУР ДАЙРАГСАД"-ЫН ШИНЖ ТЭМДГҮҮД

За тэгээд дэлгүүр хоршоо, элдэв үйлчилгээ авах үед урдуур дайрагсад дараах байдлаар бусдыг бухимдуулна. Жишээлбэл, 

  • Дараалал, дугаарыг тэд тоохгүй. Хажуу дахь хүнтэйгээ ярьж байгаа дүр эсгэж байгаад л таныг гэнэ алдах тэр мөчид “хооп” гээд л урдуур чинь орчихно.
  • Эсвэл олон эгнээний алинд нь ч биш голоор нь явж байгаад л шууд дараалалд гулсан орно. Таныг шаардлага тавих үед энд байсан гэж мэлзэнэ.
  • Бас нэг арга нь араас шахах. Урд талын хүнтэй нийлтэл шахна. Араас ёворно. Мөр дэрлээд хэвтэх нь үү гэлтэй наалдана. Эцэст нь та урдуур дайрагчийн энэ байдалд эвгүйцэн зай гаргаснаар тэд дахиад л "хооп" гээд урдуур орчихно доо. 
  • Таныг өмнөх хүнээ гарахаар нь аажуу тайван орно доо гээд сандал дээр сууж байх хооронд гар утсаараа ярьж байгаа мэт болж энэ тэрүүгээр явж байгаад гэнэт орох нь бас л тэдний нэг арга. 
  • Өөр нэг хэлбэр нь "чих хатуу" болж жүжиглэх. Таныг шаардлага тавьсан ч сонсоогүй царай гаргана. Гүрийсээр байгаад л урдуур дайрахдаа л дайрдаг нэг хэсэг хүмүүс байна.
  • Ууртай урдуур дайрагч. За тэд бол ёстой юу ч гэж хэлээд нэмэргүй. Таныг “А” гэхэд “Б, В, Г гээд 35 үсгийг дуустал хэлээд загнаж дайрч байгаад урдуур чинь орж ажлаа бүтээгээд явчихна тэр дээ. Энэ үедээ өөрийнхөө ямар завгүй, бачим явааг хэлэх нь тэр. 

Гэх мэтчилэн урдуур дайрахыг овсгоо самбаатайн илрэл гэж бүү эндүүрээрэй. Дугаарлаж сурна гэдэг таны өөрийгөө бас бусдыг хүндэтгэж буйн нэг илэрхийлэл, СОЁЛ ЮМ шүү. Таны цаг алт шиг үнэтэй байж болох ч бусдын цаг ч бас алттай зүйрлэхүйц үнэтэй гэдгийг битгий мартаарай. Таны ажил яаруу бол бусдын ажил ч бас цаг нартай. 

Олонтойгоо хамт амьдарна гэдэг угаас хүндлэл, соёл шаардсан ажил учраас урдуур дайрах нь угаас бүдүүлэг хүний үйлдэл гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хотын хүн танд амжилт хүсье.

Эх сурвалж: gogo.mn