Соёлыг түгээцгээе 27. Урилга хүлээн авч байгаа нь очно гэдгээ илэрхийлж буй хэрэг

2020 оны 10 сарын 05

Байгууллагын ой, тэмдэглэлт баяр ёслол, тоглолт, киноны нээлт гээд олон үйл ажиллагаанд оролцохдоо урилгыг хүлээн авах, түүн дээр бичигдсэн зүйлсийг анхаарч оролцох нь өөрийгөө болон тухайн байгууллагыг хүндэтгэж буйн илрэл билээ.

Үйл ажиллагаа эхлэх цагаас хоцорч ирээд, ноосон цамц, жинсэн өмдтэй, нэг хүний урилгатай атлаа дахин нэг хүн дагуулж ирэх, эсвэл урилгаа орхиод “би тэндээс эндээс явж байна, намайг танихгүй хүн байхгүй” гэх нь холгүй юм ярьж угтагчид хүндрэл учруулдаг гээд соёлгүй үйлдлүүд мэр сэр харагддаг.

Тэгвэл урилга хүлээн авах болон урилгад бичсэн тэмдэглэгээг хэрхэн ойлгох талаар Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, дэд профессор Б.Гүндэгмаагийн зөвлөгөөг хүргэж байна.

ОРОЛЦОХ, ОРОЛЦОХГҮЙ НЬ МИНИЙ ХЭРЭГ ГЭЖ ҮЗДЭГ НЬ БУРУУ

Юуны түрүүнд урилга гэдэг зүгээр нэг цаас бус тухайн хүнийг өөрсдийн үйл ажиллагаанд оролцохыг урьж буй албан бичиг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Урилгатай холбоотой гаргадаг нийтлэг алдаа нь урилгыг хүлээн авсан хэр нь оролцох, оролцохгүй нь миний хэрэг гэж үздэг явдал.

Гэтэл урилгыг хүлээж авч байгаа бол “би оролцоно” аль эсвэл “өөрийн биеэр оролцохгүй ч өөрийгөө төлөөлөх хэмжээний хүнийг орондоо явуулах, оролцох үйл ажиллагааг зохион байгуулна” гэсэн утгатай байдаг аж.

Урилган дээр R.S.V.P гэсэн бичиг нь “Эргэн хариу мэдэгдэнэ үү” гэсэн утгатай бөгөөд ихэвчлэн оффисын суурин утсыг энд тэмдэглэдэг байна.

Ямар нэг үйл ажиллагааны цаана зохион байгуулалт болон санхүүгийн асуудал байдаг тул та оролцох боломжгүй бол урилгыг хүлээн авалгүй уучлалт хүсэх эс бөгөөс хүлээн авсан бол оролцоно, намайг орлож ийм хүн очно гэдгийг мэдэгдэх хэрэгтэй. Урилга хүлээн авч байна гэдэг очно гэсэн хариуг өгч байна гэсэн үг. Очихгүй бол урилга авахаасаа өмнө татгалзах хэрэгтэй. Урилга хүлээж авна гэдэг нь хариуцлага гэдгийг ойлгох хэрэгтэй. 


УРИЛГАГҮЙ ЗОЧИН!!!

Хоёр дахь алдаа нь “урилгагүй зочин”. Мэр сэр үйл ажиллагаан дээр энэ алдаа харагддаг. Албаны шугамаар урилга хүлээн авсан хүн дүүтэйгээ хамт очоод “хоол идүүлээд явуулчихъя” гэхийг сонсож ч явлаа. Урилга дээр таныг хэдүүлээ ирэхийг зааж өгдөг. Зөвхөн таны нэр байвал та л очно гэсэн үг. Гэр бүлийн хамт эсвэл нэмээд нэг хүн байж болно гэсэн тэмдэглэгээ бий.

CASUAL ГЭДЭГ НЬ ЖИНСЭН ӨМД, НООСОН ЦАМЦ БИШ

Тухайн хүлээн авалт, баяр, нээлтэд ямар хувцастай очих вэ гэдэг бас чухал. Урилга дээр ихэвчлэн “Дресс код” буюу ямар хувцастай ирэхийг заасан байдаг. Ихэвчлэн гаргадаг алдаа нь Casual гэсэн үгийг энгийн жирийн гэж ойлгоод жинсэн өмд, ноосон цамцтай очдог тохиолдол бий. Гэтэл энэ нь өдөр тутмын костюм, албаны хувцас гэсэн утгатай.

Мөн эрэгтэйн урилга дээр ямар хувцастай ирэхийг бичээд эмэгтэйд нь байхгүй байсан гээд тэс хөндлөн хувцаслах нь бий. Албан ёсонд эмэгтэй хүн нөхрийгөө эсвэл цуг явах хүнийгээ дагаж хувцаслах ёстой байдаг. Нөхөрт үндэсний хувцас гэсэн бол эхнэр, хамт яваа хүн мөн л үндэсний хувцас өмсөнө. Нөхөрт их ёслолын хувцас буюу фрак, сюртук гэсэн бол эмэгтэй нь түүнийг дагаад шагай шүргэсэн хормойтой, цээж хагас ил гарсан энгэртэй, урт ханцуйтай эсвэл урт бээлийтэй байна.

“Улаан хивсний ёслол гээд сайхан арга хэмжээ зохион байгуулж байгаа хэр нь түүнд хувцаслалтыг анхаардаггүй. Нөхөр нь өдөр тутмын хослол өмссөн байхад эхнэр нь хэт секси загвартай хувцас өмсөх, нөхөр нь үдшийн ёслолын хувцас буюу смокинг өмссөн байхад эхнэр нь чөлөөт загварын хувцас өмссөн байх жишээтэй үнэхээр зохицолгүй хувцасладаг” гэдгийг Б.Гүндэгмаа хэлж байсан юм.

Сонгодог ойлголт гэдэг нь хүн бүр мэддэг, бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн дээд зэргийн боловсронгуй болсон гэсэн үг. Тэгэхээр энэ талаар ойлголттой байж, дагаж мөрдөх хэрэгтэй.

Хотын хүн танд амжилт хүсье.

Эх сурвалж: gogo.mn