Соёлыг түгээцгээе 30. Мэдээлэл авч, дамжуулахдаа эргэлзэх "эрх"-ээ эдлэх нь

2020 оны 10 сарын 26

Нийгмийн сүлжээ тэр дундаа фэйсбүүк, твиттер бидэнд олон боломж олгосон. Гэхдээ бас олон сөрөг зүйлс "өгөөд" байна. Мэдээллийн хэт их урсгал дунд чухам аль нь зөв бурууг тунгаалгүйгээр хэн нэгнийг адгийн муу, зарим нэгнийг тэнгэрийн элч болгох, үйл явдлыг бүрэн ойлголгүй, ухаж төнхөлгүйгээр шууд дүгнэлт хийх нь элбэгшжээ. 


Угтаа асуудал гол ойлголтоосоо алсарч, хувь хүн хоорондын хэрүүлийн үйл явцын нэг талд ханараад орчихоос минь урьтаж, их дээд сургуулийн нэгдүгээр дамжаанд логикийн хичээлээр ордог ЭССО (аливаа ойлголтыг ЭЕРӨГ-СӨРӨГ-СОНИРХОЛТОЙ талаас авч үзэх) азаар толгойд харван орж ирж, “аминд орох” нь ч бий.

Дээд боловсрол эзэмшсэн бол энэ хичээлийг үзсэн байж таарна. Оюуны зураглал буюу Mind map хийх гээд л… Та магадгүй санаж байгаа байх. Тодруулбал эдгээр нь асуудалд олон ургальч үзлээр хандах тухай аргачлал билээ.

Яаж аливаа мэдээллийг үндэслэлтэй дүгнэн, дахин задлан үзэх замаар үнэлгээ өгч, түүндээ тулгуурлан шийдвэр гаргах процесст суралцах тухай юм.

Сэтгэхүйн хэлбэр нь ойлголт-бодомж-оюун дүгнэлт гэсэн гурван үйл явцыг дамжих аж. Бид мэдээллийг хүлээн авахдаа болж өгвөл “Оюун дүгнэлт гэдэг” хэсэгт хүрэхийг зорих нь чухал. Тэгвэл ихэнхдээ л хувь хүн хоорондын маргаан төдий болж хоцрохоос хэтэрдэггүй, шийдлээ хүлээж буй “Түгжрэл” гэдэг ойлголт дээр логиктой жишээлэн үзье л дээ.

Судлаач Ч.Бат-Уянга энэ тухай “Түгжрэлийн гол шалтгааныг автомашины тоо их байна гэж үзэж буй хэсэг нь автомашины тоог бууруулъя, үүний тулд татварыг нэмье, хуучин машин оруулж ирэхийг багасгая, бүсчлэлтэй болъё гэх мэт санал дэвшүүлнэ. Нөгөө талд нь автомашины тоог бууруулъя гэх санаачилга чинь хүний өмчтэй байх эрхийг зөрчиж байна, бүсчлэлтэй болгоно, татвар нэмнэ гэдэг чинь өмчөө ашиглах, хэрэглэх эрхийг зөрчиж байна гэнэ. Ямар ч хувилбарыг сонгох байлаа тодорхой бодлогын судалгаанд үндэслэсэн шийдэл гарах хэрэгтэй. 

Ер нь нийслэлийн иргэдийн хувьд нэгдүгээрт тавих эрх ашиг нь юу вэ. Түгжрэлгүй түргэн шуурхай зорчих нь чухал уу эсвэл түгжирсэн ч хамаагүй хувийн машинаараа, дуртай газраараа зорчих нь буюу өмчийн эрхээ хэрэгжүүлэх нь чухал юм уу. Ер нь түгжрэл автомашин их байгаагаас яг болсон уу. Зам хүрэлцээгүйгээс эсвэл гүүр дутаад байгаагаас уу. Жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм журмаа мөрддөггүйтэй холбоотой юм уу. Тийм гэвэл Замын хөдөлгөөний дүрмэнд асуудал байна уу? Жолооч нарын дадал, зуршилд байна уу? 

Үүнийг агуулга тус бүрээр шалгуур тавьж, бодлогын судалгаа хийж, шийдэл гаргаж ирнэ. Нөгөө талдаа тэдгээр бодлогын судалгааны үр дүнг гаргаж ирэхдээ хотын иргэдийн санаа бодлыг харгалзах нь зүйн хэрэг. Гэхдээ бодлогын шийдэл болгонд иргэдийн бодлыг 100 хувь авах уу гэдэг ч тусдаа асуудал. Үндэслэл бүхий судалгааны хариу нь “авто машины тоо ихдээд байна” гэж гарчээ гэе. Тэгээд автомашины тоог бууулах бодлогын шийдэл санал болгож гэж бодъё. Тооцоо хийхэд энэ шийдлийг ашиглавал 5 жилийн дараа түгжрэл нэлээн олон хувиар буурах хандлагатай байя. Гэтэл иргэд энэ шийдвэрийг огт дэмжихгүй байж болно. Энэ тохиолдолд судалгааны үр дүнг үгүйсгээд шууд иргэдийнхээ саналаар шийдвэрлэх юм уу. Оронд нь судалгааны үр дүнг таниулж, сурталчилж ойлгуулах юм уу. Энэ мэтээр асуулт тавиад үндэслэлтэй хариулах ёстойгоос бус зөвхөн нэг өнцөг, нэг хэсэг хүний сэтгэл хөдлөлд тулгуурласан шийдвэр байж болохгүй” гэжээ.

Тухайлбал “Түгжрэл” гэдэг ойлголт дээр бодлогын түвшинд тодорхой зохицуулалт хэрэгтэй атал бид асуудлын шалтгааныг харалгүйгээр хувь хүн дээр буулгаж, түүний үр дагаварыг хүртсэн мэдрэмжээ буцаагаад бие биедээ гаргаж суудгийг дээрх жишээнээс харж болно. Асуудлын шалтгаан бус хүн рүү дайраад дуусдаг энэ мэт хандлагаас бид аль болох зайлсхийх хэрэгтэй. Муу хүн гэж байдаггүй. Харин тийм үйлдэл хийхэд хүргэсэн шалтгаан, нөхцөл л цаана нь бий.

Тэгвэл мэдээллийн эрин зуунд амьдарч буй залуусын эзэмшвэл зохих чадварт аливаа мэдээллийг нягтлах, сэтгэл хөөрөлд авталгүй шийдвэр гаргах, дүн шинжилгээ хийх чадвар зайлшгүй орно.

Үүнийг логикийн хичээлээр сурчихгүй нь ч ойлгомжтой. Гэвч их дээд сургуулийн хөтөлбөр, сургалтын систем академик чадвар суулгах ёстой. Мэдээллийг нягтал гэж шууд заахгүй ч хичээлд суралцахдаа хэрэглэж байгаа арга барил, зарчмууд нь тэр шугамаар л явагддаг. 

Сонирхуулахад, Монгол Улсад 25-64 насны нийт хүн амын 9.7 хувь нь дээд боловсрол эзэмшихээр сурч байгаа бол (2019 оны байдлаар) үүний 83 хувь бакалаврын зэрэг эзэмшихээр суралцаж байна. Тэгвэл дээд боловсролтой иргэд олшрох тусам мэдээллийг боловсруулах, тунгаах чадвар ч дээшилнэ гэсэн хүлээлт байж болох уу?

Аливаа мэдээллийг хүлээн авахдаа эргэлзэх эрх танд бас бий шүү дээ. Аа гэхдээ гэж бодох зай хэнд ч олдоно.

-Хангалттай үндэслэл байна уу гэдгийг хардаг болцгооё. -Хэн бичиж байна вэ гэдгийг анзаарах. Тухайн асуудлаар мэргэшсэн “этгээд” байлаа ч эхлээд энэ үнэн байж магадгүй гэж бодох нь. Шууд үнэн гэж итгэхээ түр азнаарай. -Сэтгэл хөдлөлөө түр хойш тавиад “хэвийн” сэтгэлзүйгээр мэдээллийг хүлээн авахыг зорих. -Уйлуулах, уурлуулах, айлгах, сэтгэл эмзэглүүлэх, өрөвдүүлэх тактикаар танд итгүүлэхийг оролдож байгаа юм биш биз …

“Аа гэхдээ” сэтгэл хөдлөл буруу гэсэн үг бас биш юм. Хайр сэтгэл, гэр бүлийн харилцаанд сэтгэл хөдлөл зонхилдог шүү дээ.  Огт сэтгэл хөдлөлгүйгээр дандаа шийдвэр гаргана гэвэл амьдрал ямар уйтгартай вэ. Та төсөөлөөд үз дээ. Сэтгэл хөдлөл орсон шийдвэр бүр муу гэсэн үг биш. Заримдаа сэтгэл хөдлөл орж л байх ёстой. Тэгж байж илүү сайн болох юм бишгүй бий. Бид сэтгэл хөдлөлдөө дийлдэх аваас бидний зөв бодож сурахын эцсийн цэг болох өнөөх "Оюун дүгнэлт"-д хүрэх зорилго маань “хол оо хэвтэнэ ээ” л болж хоцрох буй за.  Үүний хор уршгийг энд тайлбарлах нь илүүц.

Тиймээс олон мянган мэдээлэл дундаас 

  • Хэрэгцээтэй мэдээллийг хэрэгцээгүй мэдээллээс ялгах
  • Шалгах боломжит баримтыг таних
  • Эх сурвалжийн найдвартай байдлыг үнэлэх
  • Шалтгаант бус холбоог олж илрүүлэх
  • Нотолгоо хүчтэй эсэхийг дүгнэж байгаарай. 

Аливаа мэдээлэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, дахин задлах замаар үнэлгээ өгч, түүндээ тулгуурлан шийдвэр гаргахад  тань дээрх санааг нэмэрлэв. Таны тархины хаа нэгтээ ашиглалгүй түр мартсан файлыг сэргээх төдий “өнцөг”-ийг санал болголоо. Ингээд таныг эргэлзэх эрхтэй тань үлдээе.  “Аа гэхдээ”…